Х.Оюун-Эрдэнэ: Эхнэрээ дагаад явж байгаа архичны заяа тавилан нь өөрийн эрхгүй ичдэг юм байна лээ
2014/01/14
Би траншейны архичин байсан бүхнийг тэгээс эхэлсэн гэж сэтгүүлч надтай илэн далангуй ярилцах энэ хүнээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм. Түүний үзэж туулсан бүхэн ухаарал, хайртай хоршиж хорвоо дээрх хамгийн гайхамшигтай амьдралыг түүнд заяажээ. Тэрээр Эрдэнэт хотын “Наалдан пад” гутлын салоныг үүсгэн байгуулаад зогсохгүй үргэлжлэх амьдралын уртад “Суу-Ариг” гутлын үйлдвэрийг хүртэл нээн ажиллуулж олон хүнийг ажлын байраар хангасан ачтай буянтай сайхан ажил хийж яваа нэгэн. Ухаарлын зам дэндүү урт байсан хэдий ч Уужим буурал хорвоод хийж бүтээх үйлс нь дардан байлаа.
-Сайн байна уу?. Таны ажил хөдөлмөр өндөр биздээ. Та өөрийгөө “Хүмүүс” сонины уншигч олонд танилцуулахгүй юу?
-Сайн сайн байна уу? сайхан өвөлжиж байна уу. Намайг Хишигбаярын Оюун-Эрдэнэ гэдэг. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1975 онд айлын том хүү болон мэндэлсэн. Би бусдын адил амьдралтай эгэл жирийн нэгэн. Гэхдээ бусдаас арай өөр байсан нь ядуу байлаа. Өнөөдөр хүмүүс ямар нэгэн сонгууль сурталчилгааныхаа үеэр өөрийгөө ядуухан өссөн гэдэг. Миний амьдрал бол яг бодит түүхээс өдий зэрэгтэй амьдралаа босгож ирсэн учир би амьдралаа ярих дуртай байдаг. Намайг хүмүүс онгироо гэж бодож болох юм. Гэхдээ мөн чанарыг нь ойлгоосой гэж боддог. Өнөөдрийн хүмүүс маань материалаг гэхээсээ илүүтэйгээр оюуны ядууралд орчихлоо шүү дээ. Энэ оюуны чадавхгүй, бие сэтгэлийн тураалыг өөрийнхөө биеэр үзэж туулсан. Үүнийг гадаадын сэтгүүлчид ихээр бичиж байна. Урьд нь би гэдэг хүн зөвхөн өнөөдрөөрөө амьдарч маргаашийг харалгүй, зугаа цэнгэл хөөж /махан биеийн хүсэл/-ийг биелүүлдэг байлаа. Хүн баян болохоороо харуул хамгаалалтаар хүрээлүүллэх, үнэтэй зүйлс хэрэглэх, албан тушаалын хойноос хөөцөлддөг. Энэ бол жинхэнэ оюуны цэвэр ядуурал юм. Эгэл суут хүмүүсийг судлаад байхад эдэлж хэрэглэсэн зүйл байхгүй, аминчлан алба хашсан зүйл байхгүй байдаг. Эгэл хүн гэдэг бол ердөө оюунлаг бөгөөд хүнийг хүн ёсоор нь харьцдаг нийгүүлсэнгүй хүнийг л хэлдэг. Гэтэл өнөөдрийн бидний амьдрал тийм биш байна. Дугуй ширээний ард суухдаа их л сайхан зүйл ярьснаа гудамжинд гараад нэг гуйлагчин хэвтэж байвал дээгүүр нь харайгаад гарч байх жишээтэй хүмүүс олон байна. Хүнийг хүн ёсоор нь ойлгож чадвал сайд, гуйлагчин хоёр адилхан юм. Үүнийгээ ойлгочихсон ярьдаг хүмүүс байхад үйлдэл нь зөрдөг хүмүүс олон байна.
-Монгол хүнд алдар нэр, мөнгө, хийрхүү зан гурав зохидоггүй гэдэг?
-Нэр хүнд гэдэг бол унаж эдэлсэн, өмсөж зүүсэн, ганц хоёр цагийн ярианд бий болдоггүй зүйл. Нэр хүнд бол цаг хугацааны уртад бий болдог.
-Таныг нэгэн сонинд “Мангасын хар амнаас ажил олгогч” хэмээн бичсэн байсан. Ямар амьдрал үзэж туулсан чинь надад сонин байна л даа?
-Би траншейнд хонодог байсан, архи уудаг байсан тухайгаа урьд нь хангалттай ярьсан.
-Би болоод уншигч олон таныг өмнө нь ямар байсныг сайн мэдэхгүй. Тиймээс ямар байсан тухайгаа яриад өгч болох уу?
-Намайг өмнөх амьдралаа ярих юм бол Эрдэнэтийнхэн маань алгадаад унагана. Яагаад чи ийм юм ярьж байгаа. Одоо бий болгосон сайхан амьдралаа яриач гэнэ. Би дандаа архинаас гарсан тухайгаа ярьдаг. Хамгийн гол нь яаж гарах юм, гарахын тулд юу хийх юм бэ? гэдэг ойлголтыг өгөх хэрэгтэй болов уу. Тиймээс энэ удаагийн яриагаа энэ тал руугаа чиглүүлсэн нь дээр болов уу?
-Ам нээвэл уушиг нээ гэдэг?
-Намайг өсгөсөн хүн бол миний хөгшин ижий Хөвсгөл аймгийн Чандмань сумын Нордов удган гэдэг хүн байлаа. Миний хөгшин ижий нутаг усандаа алдартай сайхан хүн байсан. Одоо бурханы оронд хүүгээ хараад байж байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Хүний эцэг эх үр хүүхдээ дэргэдээ байлгахыг хүсдэг. Зөвхөн нүдэнд нь харагдаж байвал болоо гэж боддог шүү дээ. Гэхдээ миний хөгшин ижий намайг юм үзэж, нүд тайлаг гэж бодоод Улаанбаатар явахыг зөвшөөрсөн. Хорвоо дэлхий уужим учир аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үзэг гэж бодсон байх. Тухайн үе 1992 он байлаа. Би дөнгөж арван долоон настай 8-р ангиа төгсөөд ганцаар Улаанбаатарт ирсэн . Улаанбаатарт намайг тосож авах ганц ч хүн байгаагүй. Тэр үе бол нийгэм эдийн засгийн шилжилтийн үе буюу картын бараанд дараалалд зогсдог, яаж амьдардаг, яаж өлсдөг, хүний мөн чанарууд жинхэнэ гээгдэж унах, нөхөр дайсан болохыг нүдээрээ харж, өөрийн биеэр туулсан тун хэцүү он жилүүд байж. Хотод орж ирээд очих айл, оочих аяга байхгүй учир дээврийн чардак, орцны хонгил гэх газруудаар гэр хийж явсан. Өнөөдрийн яриад байгаа шиг траншей хүртэл байхгүй байсан. Гэхдээ би энэ бүгдийг муулах гэж байгаа юм биш. Надад том сургамж болсон. Харин хүний ойворгон, муу зангаас болоод хүн гэдэг амьтан залуу насандаа алдаж, энддэг нь хорвоогийн хууль юм билээ. Тэр болгоныг үзэж туулж алдаж, эндээд явсан үе надад бий. Тухайн үед би боловсролгүй учир надад олдох ажил байсангүй, нөгөө талаар намайг шингээх орон зай ч байсангүй. Хүн болгон халагдаж үйлдвэрүүд хаалгаа барьж нэг үеийн хэсэг зовлон үргэлжилсэн.
-Арван долоохон настай хүү Улаанбаатарыг зориод ирнэ гэдэг их л зориг байж. Залуу насандаа юу үзэж туулав?
-Миний хөгшин ижийгийн алсын ухаан. Хүүдээ юм үзүүлж ухааныг нь тэлүүлэх алс холынх нь бодол байсан болов уу. Би хүнд их тусархуу хүн л дээ. Өөрийгөө тодорхойл гэвэл “цагаан цайлган, тусч, хөнгөн” ингээд л болоо. Би хэмжээлшгүй сайхан сэтгэлтэй хүн. Үүнийхээ буянд өдий зэрэгтэй ах нь сайхан амьдарч яваа. Намайг муу хэлдэг хүн байдаггүй. Яахав архи ууж байсан, тамхи татаж явсан, хүүхэн эргүүлснийг минь л хэлэх хүн байх. Гэхдээ энэ бүхнийг үзэж туулаагүй эр хүн гэж байдаггүй. Харин надад түмнээ гэсэн сэтгэл үргэлж булиглаж байдаг. Өвдөж зовсон, хөл гарнаас нь идээ бээр гоожсон тэр хүмүүсийг тэнхрүүлэхийг би хүсдэг. Энэ бүгдийг би туулж үзсэн учраас өвчин зовлонтой нэгэндээ би тусладаг. Тэдгээр хүмүүсийнхээ залбирал хайранд өдий зэрэгтэй сайхан амьдарч яваа. Би эр хүний гишгэх ёстой шат, явах ёстой замаар явсан. Ямар нэгэн шатыг алгасаагүй гэж боддог. 1992 онд хотод орж ирээд хэсэг хугацааны дараа нутгийнхаа ахтай танилцсан. Тэр ах маань цэргийн ангид ажилладаг. Надад тэрэг хийж өгсөн түүгээр нь би зайрмаг зардаг. Түүнийхээ хажуугаар гутал тослодог байлаа. Гутал тослоод сууж байхад өсгий нь далийсан хүн ирэхэд түүнийг нь янзлаад өгдөг. Энэ бүгдийн хажуугаар надтай бэрхшээл хамт явдаг байлаа. Тэр битгий хэл мөнгөгүй олон сар болж, хоолгүй олон хоног явсан удаа надад бий. Үүнд би гутраагүй.
-Хүн бүхэн бага насандаа аливаа зүйлийг үзэж туулах хэрэгтэй гэж би боддог. Тэгж гэмээ амьдрах ухаан суудаг болов уу?
-Миний хөгшин ижий намайг яах гэж явуулсан юм бэ гэхээр ижий маань дайны он жилүүдэд арван хэдхэн насандаа онгод тэнгэрээ авчихсан хавчигдаж, шахуулж байсан гэдэг. Ингээд л Улаанбаатар руу зугтаж ирээд гэрийнхээ өрхийг битүүлж байгаад юм үзэж хардаг байсан гэж надад хүүрнэж байсан. Мөн Улсын бөмбөгөр театрт Лувсаншарав гуайн удирдлаган дор дуулж явсан дугуй цагаан малгайтай хүрээ хүүхэн байсан гэдэг. Ижий маань нэг хүнтэй сууж хоёр охинтой болсон. Хүний амьдралд хагацал зовлон тохиолддог хойно гэр бүлийн хүн нь хорвоог үдсэн байдаг. Ингээд нэгдлийн үед нутагтаа эргэн очиж мал малласан. Том охиных нь хүү би. Эмээ дээрээ өсөж торниж хүн болсондоо. Эмээ маань бүх зүйлийг мэддэг байсан учир намайг хотын зүг явуулсан. Нэгдүгээрт намайг хулгайч биш гэдгийг, хоёрдугаарт хүний дургүйг хүргэхгүй, хүнтэй эв зүйтэй явна гэдгийг минь мэддэг байсан. Ингээд л намайг амьдрал үзүүлсэн. Харин энэ хорвоогоос буцахдаа олон үр ач нарынхаа дундаас намайг дуудан зүүн гарыг минь чанга атгаад “сүү” гэж хэлсэн. Би сүү ам руу нь хийтэл эмээгийн маань завжийг даган урссан. Тухайн үед хөгшин ижий маань надад нэг л зүйл хэлэх гээд байсан. Тэр нь “олонтойгоо яваарай” гэж тодоос тод хэлсэн л дээ. Олонтой хүн л энэ амьдралд амьдардаг. Өнөөдөр байгаа зүйлээрээ бусдад туслах сайхан сэтгэлтэй хүн байхгүй болж. Би өөрт байгаа зүйлээ хүнд аваачаад л өгдөг. Эхэндээ эхнэр маань уурладаг л байсан. Ингэлээ гээд чамайг хэн ч ойлгохгүй гэдэг байлаа. Гэхдээ хань маань намайг ойлгодог болсон. Би сүүлд хувцасаа угаах гээд цуглуултал наймын хувин дүүрээгүй. Би үүндээ баярласан шүү.
-Биед шингэсэн энэ шингэн чөтгөрөөс хэрхэн зугтаж, хэрхэн тэмцэж архинаас гарав?
-Бид гурав хамт өвөлжиж хавар болохоор туулын эрэг дагаж гардаг байлаа. Нэгэн хавар миний найз Баасанхүү намайг гэртээ аваачиж амбаартаа ор засч өгөн “миний найз эндээ амьдар” гэсэн. Би найзынхаа ачийг мэдэхгүй архиа л уудаг. Гэсэн хэдий ч намайг гэртээ аваачдаг л байсан. Нэг өдөр өөртөө байгаа 10мянган төгрөгөө надад өгсөн. Миний найз үүгээр сайхан хувцас аваад өмс гэж билээ. Хожим би тэр хүний сэтгэлийг ойлгосон. Сэтгэл гаргасан зүйл заавал сайхан зүйлийг дагуулдаг. Би архи уучихаад албатай юм шиг явж очоод хонодог, очиход хоол хийгээд л тавьчихсан байдаг. Ийм хүн ховор юм. Төд удалгүй дөрвөн настай хүүгээ Хөвсгөлөөс авчирч хамт амьдарсан. Хүүтэйгээ хамт амьдарсан хэдий ч архинаасаа гараагүй л байсан. Хүүгээ Хөвсгөлөөс аваад Улаанбаатар явах замдаа хүүдээ ундаа авч өгөх чадваргүй согтуу явж билээ. Хүмүүс ундаа уугаад миний хүү хоосон. Чи бодоод үздээ дөрөвхөн настай бүлтгэр хөөрхөн хүүг холын хол замд юу ч авч өгөлгүй явж байсан гээд. Тийм л архичин байсан. Тэр үед өнөөгийнх шиг сайхан унаа тэрэг байсангүй гуч машины тэвшин дээр суугаад л явж билээ. Ингээд хүүтэйгээ цуг амьдарсан боловч би чадаагүй учраас хүүгээ Эрдэнэт явуулсан. Удалгүй зуун айл дээр гутал засаад сууж байхад эхнэр маань над дээр ирсэн. Тэр битгий хэл хамт хоноод явсан. Би архинаас гараагүй. Эхнэрээ эргэчихээд явсны дараа зургаан сард би бараг үхэж байсан. Сэтгэл санаа минь амьд байсан хэдий ч 650-ын архиа дийлэхгүй бие махбодийн хувьд амьдаараа ялзарсан, архиныхаа бүрэн эрхшээлд орж татганаж байлаа. Хүмүүс өмнө нь надад хэлж байсан гэвч тоогоогүй. Хэдэн сарын дараа эхнэр маань ахиад ирсэн. Надад сүүлд хэлэхдээ: Оюун-Эрдэнэ архинаас гарчих юм шиг зөн билгээрээ мэдэрсэн гэж билээ. Ирээд байгаа мөнгөөрөө надад хувцас авч өгч, зүгээр л аваад явах ёстой гэдэг сэтгэлээр хандсан.
-Тэгээд юу болсон бэ. Та дагаад явсан уу?
-Би эхнэрээ дагаад л явсан. Эхнэрээ дагаад явж байгаа архичны заяа тавилан нь өөрийн эрхгүй ичдэг юм байна лээ. Тухайн үед би юу, юу гэж доромжилж явлаа. Тэрүүхэн үед хүний хань гэдэг ямар чухал юм бэ гэдгийг ойлгосон. Ханийн үнэмлэмжийг хэн нэгний амаар, хэрүүл маргаанаар шийддэг зүйл биш юм байна аа гэдгийг ойлгосон. Хүний ханийг амьдарч байж л мэдэрдэг. Хүний хань гэдэг өвчтэй зовлонтой үед танигддаг. Харин улам гоохолзож, сээхэлзсэн үед хань харагдахгүй, хайр харагдахгүй. Зоогийн газар орж болзсон хүүхнийхээ ганц хоёр үсийг унасныг авч өгдөг эр хүнд хань харагддаггүй. Гэртээ ирээд авч суусан өөрийнхөө гэргийг болоод хүний хөөрхөн үрийг болзсон хүүхэнтэйгээ харьцуулна гэдэг өөрийгөө олоогүй эр хүний шинж.
-Бүсгүй хүний ухаан эр хүний нөмөр нөөлөг хоёр нийлж гэмээ нь сайхан амьдрал босдог гэдэг?
-Хүний хань гэдэг бол ийм л байдаг. Яахав бид хоёр Эрдэнэт хотод очлоо. Хадам аав ээж маань хашаа байшинтай. Эхнэр маань намайг архинаас гаргая гэж тэмцсэн. Өөрийнхөө ажлыг хийхгүй цаг мөч бүхэн надтай байж бие хааг минь тэнхрүүлэхийн төлөө байсан. Эхний хоёр, гурван сар бидний хувьд хүнд өдрүүд байсан. Би одоо ч мартдаггүй. Би нэг л өдөр босоод хайраа одоо бүхнийг эхэлье гэж хэлсэн. Урьдын амьдардаг хажуу өрөө маань хэвээрээ амьдралд өссөн зүйл ганц ширхэг ч үгүй. Би юу чадах уу гутал засч чадна. “Хангайн бүс” захын удирдлагат түрээс өгөөд гудамжинд суугаад л гутлаа зассан. Архи гэдэг зүйлийг нэг зүйлээр солих хэрэгтэй болсон. Тухайн үед би архиа бичих юмаар сольсон. Түүнийхээ дараа сүмд явж эхэлсэн. Яагаад гэвэл би хамт олонтой болохыг хүссэн, нийгэмшихийг хүссэн. Тэндээс их зүйлийг олж авсан. Төд удалгүй дэлхийн зөнгийн төсөл хэрэгжүүлж хорих ангиудаар явж архинаас гарсан тухайгаа ярьдаг болсон. Ингээд өөрөө хөгжиж эхэлсэн. Гуталчин хүн нийгэмд танигдана гэдэг их зүйлийг өөртөө зориулсны шинж. Би ямар нэг зүйлийг золиослоогүй зориулсан. Үүнийхээ хажуугаар маш их ном уншсан. Би уншиж байсан номноосоо улам гэгээрсэн. Миний амьдралын хамгийн том багш бол ном юм. Одоо бараг номын сан болоод байна. Ном болоод амьдрал дээр үзэж туулсан бүхнээ нийлүүлж энэ амьдралд орсон, архинаас гарсан. Би архинаас гарах үнэхээр хүсэлтэй байсан хэдий ч гарч чадахгүй байсан. Хүсэлтэй л хүн архинаас гардаг. Хүсэлгүй хүн хэзээ ч гардаггүй. Миний хүслийг миний хайр л ойлгож, дэмжиж туслаж гаргасан. Хайраар бүх зүйлийг хийнэ. Хүн хайраар л дутдаг. Гутлаа би хоёр сар зассан. Ингээд байрны подвал түрээслэж, гадаа 40х60 хэмжээтэй хавтан дээр савхины будгаараа “Наалдан пад” гутал засвар гээд бичсэн. Түүнийг хүмүүс хаяг гэж хардаг байсан уу үгүй юу мэдэхгүй юм. Тухайн үед сэтгэсэн сэтгэлгээ минь тийм л байсан. Подвал маань доороосоо шороотой гэрэлтүүлэг байхгүй 100 лампын гэрэлтэй тэр маань үлэг ялиг гэрэлтүүлдэг. 14-н хоног хүн орж ирэхийг хүлээлээ. Гэтэл нэг өдөр нэгэн эмээ “миний хүү энэ гутал завсар мөн үү” гэж асуусан. Мөн байлгүй яахав гээд л би баярлан угтлаа. Зуны аагим халуун наранд гутал нь хөлийг нь барьж хавгануулсныг би харсан. Ингээд эмээ би хөлийг чинь бариад өгье гээд барих гэтэл “миний муухай хөлийг бариад яах вэ” гэж надад хэлсэн л дээ. Гэхдээ би тэр эмээгийн хөлийг барьж өгч гутлыг нь янзалж өгөөд явуулсан. Харин маргааш нь гайхамшиг болж хоёр эмээ орж ирсэн. Би тэр үед хүнлэг байж чадсанаараа, бурханы замыг сонгосноороо сайхан үеэ эхлүүлж чадсан. Ингээд л хоёр эмээгийн хөлийг нь барьж гутлыг нь засч өгсөн юм. Сүүлд охиноо дагуулаад надад дээр орж ирсэн. Эмээ охиндоо хэлэхдээ “энд байнга гутлаа засуулж байгаарай” гэсэн. Охин нь дараа нь надад хэлэхдээ. Ээж биднийг гаднаас орж ирэх болгонд гутал руу хараад “ээж нь засуулаад ирье та нар ажил төрөлтэй амжихгүй байгаа бололтой мөнгөө өгчих” гэдэг ийм учиртай байсан юм уу гэж билээ. Гэтэл эмээгийн бүх гутал засагдчихсан учраас үр хүүхдийнхээ гутал руу хараад засуулахыг мөн далимаар хөлөө бариулахыг хүсдэг байж. Өнөөдөр эмээ нарыг хараад хүмүүс энэ тэтгэврийн хөгшинд юу л байгаа аж дээ гэж боддог. Гэхдээ хүн болгонд боломж бололцоо байдаг. Төд удалгүй миний подвал хүнээр дүүрч тэр битгий хэл орцны гадаа оочерлодог болсон. Би хамгийн гол нь эмээд таалагдтал үйлчилж чадсан. Хүн төрөлхтний бизнесийн алтан дүрэм бол үйлчилгээн дээр явдаг. Ингээд л гуталчид аваад салбараа нээж эхэлсэн.
-Гутал засч байгаа хүмүүс тан шиг чадварлаг байж чадсан уу?
-Би чинь архичин байхдаа гутал засах аргаа хэдэн хүнд заагаад сургачихсан байсан. Тэднийгээ буцааж амьдралд нь оруулж гутал засварын салбараа нээсэн. Намайг 2005 онд Эрдэнэтэд очиход гутал засварчид бүгд салонтой болчихсон байсан. Гэтэл гудамжинд явж байхад таньдаг хүмүүс маань Оюун-Эрдэнээ энэ гутлыг засаад өгөөч гэхэд нь таньдаг мэддэг гуталчин дээрээ очиход “зайлаарай п… минь гээд зодоод, хөөгөөд, чирээд гаргаж байлаа. Гэхдээ би өс санаагүй. Өс санасан хүн өөрөө л хохирдог. Би хамгийн анхны арван мянган төгрөгний ажил хийчихээд засвараа шууд л хаагаад эхнэр лүүгээ гүйсэн. Эхнэртээ би 10 мянган төгрөгний ажил хийлээ гээд л орсон. Тэр мөчид үнэхээр урамшсан. Удалгүй “Наалдан пад” нэртэй гурван гутлын засвартай боллоо.
-“Наалдан пад” гэдэг үг таны брэнд гэж ойлгож болох уу?
-Заяагаараа нийлсэн бидэн хоёр Завсар зайгүй наалдан падаа хө гэж монгол ардын дуу байдаг. Түүний адилаар гутлын эцсийн вариант нь наалдан пад юмаа. Гурван газартай болсны дараа эхнэрээ ажлаас нь гаргаж 6-1-р байранд түрээсээр тусад нь массаж хийдэг салон байгуулж өгсөн. Түүнийгээ “Сэндэр” гэж нэрлэсэн. Салоныхоо нэрийг хаягтай нь сонин шиг цаасан дээр гараар олон ширхэг бичээд гурил зардаг хүмүүст тарааж өгөөд жинхэнэ амьдралын төлөө гүйж эхэлсэн. Гутал засварт хүн орж ирэхгүй бол ажлынхаа гадаа дуулж, бүжиглэдэг байсан. Эрдэнэтэд гутал засварууд өглөө 11-т онгойж орой 19 цагт хаадаг байсан бол би өглөө 7-н цагт онгойж орой 21-н цагт хаадаг болсон. Гэхдээ гуталчин гээд муухай царайлахыг бодоогүй. Комиссоос цав цагаан цамц аваад түүнийгээ өмсөөд ажлаа хийдэг орой тараад цамцаа очиж угаагаад өглөө нь шинэ юм шиг цагаан цамцтай Танд энэ өдрийн мэндийг хүргэе, танд амжилт хүсье та сайхан амраарай гээд гудамжинд хүн болгонтой ярьдаг. Сүүлд сонссоноор байрны хүмүүс 3-2-1 балай хүнтэй болчихжээ гэж ярьдаг байсан гэж байгаа.
-Архи уухаа больсноос хойш их зүйлийг бодож, их зүйлийг өөрчилсөн байна шүү?
-Ном л намайг хүмүүжүүлсэн. Архи уусан хүн юм бодоод л суудаг. Хэзээ ч маргааш үхнэ дээ гэж суудаггүй. Энэ дэлгүүрийн бичгийг ингээд өөрчилвөл их гоё юм байна даа гэх мэтээр бодож суудаг. Гэтэл хүмүүс архи бодож байна, хэний юмыг авсан бол гэж хардаг. Сайхан хүнлэг хүмүүс бий. Намайг Нарантуул зах дээр өвөл зуны яактай сууж байхад жийптэй залуу давхиж ирээд өмсөж явсан нэхий дээлээ өмс гээд тайлаад өгч байсан. Би шатсан захын урд талд гуанзны хажууд суудаг байлаа. Түүнийг хэзээ ч мартдаггүй. Би даанч тэр хүний юу хийдэг, хэн гэдгийг мэдэхгүй. Надад нэхий дээл нь арав гаруй хоног сайхан дулаан хувцас болсон хэдий ч би архинаас өгчихсөн. Хэрвээ энэ ярилцлагыг уншиж байгаа бол надтай холбогдоорой гэж хэлмээр байна. Би таны төлөө үргэлж залбирдаг. 2005 онд мөнгөө цуглуулсаар байгаад 2-25-р байранд сая 200 мянган төгрөгөөр нойлын өрөө худалдаж авсан. Тэр байрыг ГОК-ын ажилтан Цэдэн гэдэг ахаас худалдаж авч байлаа. Миний амьдралын хамгийн том эд хөрөнгө. Эхнэр хүүхэдтэйгээ бор гэртээ богд, хар гэртээ хаан нь болж жаргасан. Өөрийн гэсэн усанд ордог өрөөтэй дураараа дургиж байлаа. Тэр өвөл нь “Номин”-гийн хямдралаар 21 инчийн саарал зурагт аваад таксинд багтахгүй болохоор нь тэврээд л бяр тэнхээ орчихсон ёстой л бардам явлаа. Өглөө эрт хүүгээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд л шууд ажлаа хийдэг. Ингэж л урам зориг, амьдрах итгэл сэтгэлээр дүүрсэн.
-Амьдрал баян юм шүү?
-Тийм шүү. Ажилчид нэмж аваад л зай завсар гарвал ном уншаад л. 2006 онд ДХТ гэдэг газар хоёр өрөө байр худалдаж авах гэтэл мөнгө дутахаар нь “Зоос банк”-наас 3,5 сая төгрөг зээлсэн. 2007 он гарлаа байраа зарж “Зоос банк”-наас ахин 14 сая төгрөг зээлж эхнэрийнхээ таньдаг эгчээс гурван өрөө байрыг үсчингүүдтэй нь цуг 20 сая төгрөгөөр худалдаж авсан. Тийм их итгэлийг надад өгсөн. Туулсан амьдрал, хөдөлмөрийг минь үнэлж надад мөнгө зээлсэн явдалд би баярлаж явдаг. Тун удалгүй үсчний газраа гадагш сэтэлж өргөтгөл бариад, гадаа талбайд нь айраг, ундаа зарж эхэлсэн. Ингээд шинээр “Оюу” салоныг эхнэртэйгээ хамтран босгож авлаа. Би ч цаг хугацааны явцад нийгэмшиж Эрдэнэтийн ТИС-д цагийн багш хийлээ. Хүний нүдэн дээр амьдралаа босгосон хүнийг хүн бүхэн дэмждэг юм билээ. Түүнийхээ урам зоригоор оюутан залуучуудад амьдрах ухааны хичээл ордог болсон. Өнөөдөр ч гэсэн сайхан нийгэм бидэн рүү ирж явна. Аль болох бүгдээрээ сайн сайхан руу тэмүүлж гэмээ хөгжинө. 2009 онд Багшийн маань цалин хүрэлцэхээ больж “Наалдан пад” салоноо хоёр өрөө болгон тохижуулж шинэ технологиор хүмүүст үйлчлэх болсон. Амьдрах байргүй явсаар ариун цагаан хөдөлмөрөөрөө ондоо багтаж хоёр өрөө байр худалдаж авсан. Би ч гадагш дотогш явж гахай шувууны мах идсэн. Түүнийхээ хэрээр нүд тайлсан.
-Таны амьдралыг мэддэг болохоор хүмүүс үйлчлүүлэх дуртай байдаг байх?
-Миний ямар амьдралтай байсныг Эрдэнэтийн бүх хүмүүс мэднэ. Би анх ямар байсан тэр л зангаараа байгаа. Яагаад гэвэл би олныхоо хайраар өдий зэрэгтэй яваа. Ингээд гутлынхаа салоныг өргөжүүлж, улсаас 100 сая төгрөгний зээл авсан. 2010 онд улсаас авсан зээлээрээ “Суу-Ариг” гээд нутгийнхаа нэрээр нэрлэсэн гутлын үйлдвэр байгуулсан. Хүнд хэрэгцээтэй ажлын гутал хийж байна. Надаас улс нэг зүйлийг нэхдэг тэр нь чанарын сертификат. Өнөөдрийн байдлаар гутлын үйлдвэр маань бүрэн утгаараа ажиллаж чадахгүй байгаа. Тэр нь юу гэхээр жижиг зүйлс болох кноф, ул гэх мэтийг урдаас авч байна. Уг нь бидэнд бүх нөөц боломж нь бий. Гэтэл бүгдийг нь урагш зөөх юм. Монгол хүн эх орондоо томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж чадах боломжтой. Нөөц боломж, чадвар, оюун ухаан бидэнд бий. Үүнээс цааш хийж бүтээх олон зүйлс бий. Би өнөөдөр хүний хүсээд авч чадаагүй Mercedes benz G500 маркийн автомашин унаж, хамгийн сүүлд гарсан техник технологи хэрэглэдэг. Үзэж туулсан, хөдөлмөрлөсөн он жилүүдийн шагналд энэ бүгдийг хэрэглэх цаг маань болсон гэж би боддог. Намайг хүмүүс онгирч байна гэж бодох ч та ч гэсэн чадна. Хүн бүхэнд боломж бололцоо бий.
-Одоо таны хүү том болоо биз. Хүүдээ юу гэж захиж байх юм бэ?
-Одоо би хүү, охин хоёртой. Том хүү Амарбаяр маань хятадад сурч байгаа. Хөгшин ижий маань намайг явуулсан шиг би хүүгээ мөн л явуулсан. Аавынхаа дэргэд нялцганадаг, шалчигнадаг эр байж болохгүй. Бие даах хэрэгтэй, хүнд зодуулж сураг. Хүнд зодуулсан шиг зодуулчаад шалчигнадаггүй ухааныг эр хүн гэж байгаа. Хүмүүс дандаа “би”, “би” гэдэг. “Би”-гийн хийрхэлээс болж бид өнөөдөр олон зүйлийг алддаг. Уралдаж яваа бол ардаа яваа хүнд замаа тавиад өгчих. Нэгэнт түрүүлсэн нь тодорхой хойно илүү зүйлд шунах хэрэггүй. 60-70 хүний дунд та гоё хээнцэр хувцастай ирээд “тоор жимс аваарай” гэж орил. Даанч та чадахгүй. Гэхдээ аливаа зүйлд яаж ухаанаа зарах вэ гэдэг арга ухаанд суралц. Та ичсэнээсээ болж ашиггүй хоцорно. Би гутал засахдаа нүд рүү нь харж аваад, нүд рүү нь хараад инээгээд “Танд их баярлалаа” гэж өгдөг. Хүн өөрийнхөөрөө л байх ёстой. 2006 онд би ээж, зургаан дүүгээ нүүлгэж ирсэн. Миний дүү нар сумаасаа гарч үзээгүй Эрдэнэтэд ирж байсан. Эрдэнэтэд ирээд үнэхээр гайхаж байсан үе одоо ч гэсэн нүдний өмнө харагддаг. Одоо бүгд энэ нийгэмд сайхан амьдраад явж байна.
-Хүүгийнхээ зөв сайхан амьдралыг хараад ижий хүний сэтгэл жаргалтай байж магнай тэнийж байгаа байхдаа?
-Би ээжийнхээ магнайг тэнийлгэж яваа. Би ээжийгээ жаргаахын төлөө хичээнэ. Ачийг нь бол хариулж чадахгүй. Эхийгээ хайрладаг, эхийгээ жаргаадаг хүн энэ хорвоод жаргадаг юм гэнэлээ. Өнөөдөр бол сайхан байна.
-Хүний амьдралын удам судар гэдэг чухал. Хүүгээ алдаж эндээд ухаарах байхаа гэдгийг хөгшин ижий чинь сайн мэдэж байсан болов уу?
-Хүн, морь хоёр адилхан байдаг. Би хүүгээ сайн мэддэг шиг миний хөгшин ижий намайг нэвт харж байсан. Амьсгалын эцсийн мөчид надад “Олонтойгоо яваарай” гэдгийг л захисан. Би түүнийг нь биелүүлж явах учиртай. Архинаас гарах амархан. Архи уугаад хэвтэж байгаа хүнийг битгий муу хэлээрэй, хараагаарай. Өнөөдөр таны хэн нэгэн чинь архи ууж яваа бол тэрхүү хүнд хайр л дутаж яваа. Миний эхнэр над дээр ирсэн шиг яваад очоорой. Ах нь бүх амьдралаараа архинаас гарахыг хүлээсэн. Эцэст нь архинаас гарч төгссөн. Уучлалт хязгааргүй юм. Хүн бүхнийг өөр шигээ бод. Таны гутлаа зөв тавьсан, хувцасаа зөв эвхсэн, хаалга үүдээ зөв хааж сурсан тохиолдол бүрт амжилтын хаалга нээгдэж байдаг. Таны байгаа байдал, эмх цэгцээс амьдрал эхэлнэ.
-Зав гарган сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Тан шиг жаргалын замд нийлэх олон мянган хүмүүс байгаасай гэж би хүсч байна. Ингээд таны цаашдын ажил болоод амьдралд тань хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
nergui · 2014/01/15
bi un****d bur uillaa. estoi mundag. Tanai ger buld az jargaliig husie ee. Yag l odoogooroo urid ni hen bsn aa urgelj sanaj bgaarai gei ee.
Зочин · 2014/01/15
mundag shuuТаны гутлаа зөв тавьсан, хувцасаа зөв эвхсэн, хаалга үүдээ зөв хааж сурсан тохиолдол бүрт амжилтын хаалга нээгдэж байдаг. Таны байгаа байдал, эмх цэгцээс амьдрал эхэлнэ. Энэ ёстой зөв үг шүү залуусаа
Jargal · 2014/01/15
аз жаргал хүсье амжилт амжилт гэргий чинь сайн хүн юм аа