Ерөнхийлөгч Х.Баттулга, Х.Жекей генерал цолыг хураах зарлиг гаргалаа
2018/03/29
Сэтгүүлч Н.Уранхолбоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харъяат, УИХ-ын гишүүн асан Х.Жекейн хилийн цэргийн Бригадын генерал цолыг хураах зарлигийг өнөөдөр гаргалаа.
Зарлигт:
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Цэргийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын харьяатаас гаргах тухай” 32 дугаар зарлигийг тус, тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “бригадын генерал” цолыг хураан авсугай” гэжээ.
Хуульд заасан үндэсллүүдийг дор дурьдлаа.
- Үндсэн хуулийн 34-р зүйлийн 1-д Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана.
- Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана.
- 28.2.Гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн болон Монгол Улсын харьяатаас гарсан цэргийн алба хаагчийн цэргийн цолыг цол олгосон албан тушаалтны шийдвэрээр хурааж авна.