Улаанбаатар хотын ерөнхий менежер миний хог хийх нь битгий хэл хайрлаад хүрч чаддаггүй “Азийн цагаан дагина” нэртэй хогийн ногоон уутыг улам чанаржуулсан гэсэн баярт мэдээг дуулгалаа. Ногоон уутаа хайрлахын учир нь улсын төсвөөс гурван тэрбум төгрөгийг зарцуулан байж хийсэнтэй холбоотой. Үнэ өртөг ихтэйн хажуугаар нийслэлтэй маань адилхан Азийн цагаан дагина гэсэн тодотголтой байхад ногоон уутандаа хэрхэн хог хийж зүрхлэх билээ. Тиймээс ч би сар бүр гэрийн маань хаалганы бариуланд хайш яайш хавчуулан үлдээсэн байдаг энэ уутыг яаран гэртээ оруулж, гэрийнхээ хойморт залах нь шахам нандигнадаг юм. Тэгээд ч дэлгүүр, захаар явахдаа цуглуулсан Хятадын уут гэрээр нэг байхад төсвийн мөнгийг шингээсэн ногоон уутаа гудманд хаяж шаардлага байдаггүй юм. Миний төсвийн мөнгөнөөс хүр­тэж буй мөнгөний хэмжээ энэ хэдэн ногоон уутаар хэмжигдэж байгаа гэдгийг бодсон шигээ сууж байхад ч сайхан санагддаг юм.

Гэтэл одоо ногоон уут маань өнгөө сольж хөх өнгөтэй бол­сон байна. Хэдэн сарын турш цуглуулсан ногоон уут маань нэгэн хэвийн уйтгартай санаг­даж эхэлснийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан гярхай ажигласан байна шүү. Дээрээс нь уутны чанар сайжирч зузаан болсон гэдгийг ч тэд дуулгалаа. Хэтэрхий далбагар том байсан хэмжээ нь жижгэрч эгдүүтэй жижигхэн болсон уут миний гар дээр ирнэ гэдэгт үнэхээр их баярлаж байгаагаа дуулгая. Нэгэнт чанарыг нь сайжруулж, өнгийг нь сольсон болохоор дотор нь хийсэн элдэв хогийг үнэр оруулахгүйгээр хэдэн ч сарын турш хадгалж болдог ид шидтэй болсон байх гэсэн горьдлого ч надад байна. Сайжруулсан хогийн уут л болсон хойно элдэв үнэр гаргадаггүй, дотор нь орсон хогийг төрөл бүрээр нь ангилж, дахин боловсруулдаг байж л таарна.

Т.УРАНГЭРЭЛ