Л.Гантөмөр сайд Японд суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ
2014/01/15
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр Японы Гадаад хэргийн сайд ноён С.Кихараг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Л.Гантөмөр сайд өнгөрсөн онд тус улсад ажлын айлчлал хийхдээ ярилцсны дагуу Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хоорондын Инженерийн дээд боловсролыг хөгжүүлэх төслийн зээлийн гэрээний төслийг зарчимын хувьд тогтоод байгаа. Ойрын хугацаанд гэрээ байгуулагдахаар болсныг дуулгаад “Японы Засгийн газраас олгож буй зээл (3 тэрбум иен) Монгол Улсын хүний нөөцийг хөгжилд ихээхэн хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол-Японы боловсролын салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, инженер, технологийн мэргэжлээр Япон Улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх бидний эрмэлзэл, сонирхолыг та дэмжиж, бидэнтэй хамтран ажиллана гэж найдаж байна” гэлээ.
Түүнчлэн энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын дунд хугацааны хамтын ажиллагааны хүрээнд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг БШУЯ-нд олгоод байгаа. Монгол судлалын хөгжлийн чиглэлээр мөн ахиц гарч анх удаа Монгол судлалын санг байгуулах шийдвэрийг гаргаж, сангийн үйл ажиллагааны эхлэлийн суурийг тавьсан. Цаашид Монгол судлалын сан нь Токиогийн их сургууль болон дэлхийн их сургуулиудтай монгол судлалын чиглэлээр хамтарч ажиллах болно гэдгийг онцоллоо.