Тэд өршөөгдсөн ч төр өршөөхгүй
2018/04/13
УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татсан тухай өчигдөр Нийслэлийн прокуророос мэдээллээ. Д.Мурат гишүүнийг Б.Бахытгүл хэмээх эмэгтэйд бэлгийн дарамт учруулж байсан тухай дуулиан гарсан.
Тэгвэл түүнд бүсгүйн биед халдсан, дарамт учруулсан гэх асуудлаар сар гаруйн өмнө эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Гантулга олны анхааралд дахин орсон. Угтаа түүний хүчингийн хэрэгт холбогдсон дуулиан нь бүтэн жил үргэлжилж байна. Прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах хүсэлт тавиад байгаа. Гэвч өнөөгийн байдлаар “хуулийн мухардалд орсон” гэх шалтгаанаар таг зогссон байдалтай байна. Нэг нь хуулийн мухардал гэдэг шалтагтай, нөгөө нь хөнгөн гэмтэл гэдэг оноштой тул энэ хоёрт өнөөхөндөө хуулийн хүрээнд хүлээлгэх дорвитой шийтгэл харагдахгүй байна.
Өнөөдөр тэднийг нам нь хамгаалж байна гэж олон хүн бодож байгаа. Мөр зэрэгцсэн журмын нөхдийнх нь нэг нь ч “ёс зүйгүй үйлдэл” гэж хэлээгүйгээс үзэхэд магадгүй л таамаг. Хамгийн гол нь тэд өршөөгдсөн ч, төр өршөөгдөхгүйд учир нь байгаа юм. Монгол хүний төрөө дээдлэх, хүндлэх ёс, сэтгэл бусад улс орнуудаас өндөр агуулгатай, гүн сүжигтэй байдаг. Төрийн сүлдэндээ залбирдаг, төрийн сүлдээ хараад омогшдог, цай сүүнийхээ дээжийг “Төрийн сүлд өршөө гэж” өргөдөг ийм ард түмэн манайхаас өөр үгүй байх. Төрөө дээдлэхийн хэрээр шийдвэрийг нь итгэл төгс, зориг шийдэмгий дагана. Энэ нь төрт улсын аугаа түүх бүтээж явсны ул мөр ч байж мэдэх.
Харин тэнд нь ёс зүйгүй хүн үүрлэж болдог, тэгээд эмс охидыг дээрэлхсэн хэрэг төвөг үүсгэдэг гэдэг байдал яг л үзэл сурталт нийгмийн үед феодалуудыг харуулсан зохиол шиг явлаа, өнгөрсөн жил гаруйн хугацаанд. Тиймээс ч төрийг нийтээрээ ямар их зүхэв дээ. Энэ хүмүүс өнгөрсөн 30-аад жилд Монгол орны хувь заяаг ээлжлэн атгасан хоёр голлох намын төлөөлөл, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын гишүүд болохоор тэр. Дараа дараагийн сонгуульд нэгнээ муутгах, байлах зэвсгээр энэ сэдвүүд дахиад хөндөгдөөд явах байх. Уг нь энэ улс төртэй, ард түмэн нь төрөө дээдэлдэг байж л хөгжил дэвшил, хөл нийлүүлэх тухай бодох зориг эрмэлзлэлтэй байх билээ. Иймд тэд намаасаа өршөөгдөж болох ч үнэн мөнийг дэнсэлж зохих шийтгэлийг нь ногдуулахгүй бол төрийг ард түмэн өршөөхгүй гэдгийг бодож хэргийг эцэслэх биз ээ.
Үндэсний шуудан сонин
шаабар · 2018/04/13
Уг нь хүний нууцыг олонд дэлгэсэн хүн нь энэ бүсгүй биз дээ. Тэгэхээр - уулаа л хариуцлагаа хүлээмээр юм. Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг. Харин зодож дарамталсан бол Мурат зохих зэмлэлээ хүлээнэ л биз.
muugii · 2018/04/13
ene kazak busgui saikhan busgui bna Murat ahiig toohgui baih bern undesrtaei yum bna