Монгол Улсад захиргааны хэргийн шүүх 2004 оны 6 дугаар сард байгуулагдсан. Энэ хугацаанд буюу 2005-2013 онд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар шийдвэрлэсэн төрийн албаны маргааны судалгааг тус танхимаас хийжээ.

 

Дээд шүүх дээрх 9 жилийн хугацаанд төрийн албанаас үндэслэлгүй халагдсан гэсэн нэхэмжлэлтэй нийт 308 хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэснээс 68 хувьд нь буюу 210 хүний нэхэмжлэлийг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж, зөрчигдсөн эрхийг нь хамгаалжээ. Ажлаас үндэслэлгүй халагдсан эдгээр хүмүүсийн зарим нь л ажилгүй байсан хугацааны нөхөх олговор авах нэхэмжлэлийн шаардлагыг мөн шүүхэд гаргасан бөгөөд 101 хүнд нийт 209 сая 101 365 төгрөгийг төсвөөс гаргуулж, олгуулахаар шийдвэрлэсэн аж.

 

Цаашид төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг төрийн байгууллагаас буюу төсвөөс гаргахаар хуульд заасныг өөрчилж, хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулж байх эрх зүйн зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулах шаардлагатай байгаа юм.