Гэр хорооллын утааг багасгана гээд хоёр жилийн хугацаанд маш хөнгөлөлттэй үнээр айлуудад шинэ технологийн зуух тараалаа. Харамсалтай нь үр дүн харагдахгүй байна. Анх энэ зуухыг тарааж эхэлж байхад эрх баригчид утааны хэмжээ мэдэгдэхүйц буурах боломжтой гэж байсан. Гэтэл эсрэгээрээ бараг л мэдэхүйц нэмэгдчихээд байна. Тийм байхад эрх баригчид харин ард түмнээрээ даажигнаж байгаа юм шиг “Энэ бол чанартай утаа” гэх маягтай зүйл яриад явж байна.

 

Маш үнэтэй утаагүй зуухыг 96 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлж чадаж байгаа юм чинь оронд нь цахилгаан халаалт тараая. Яг л адилхан нөхцөлөөр шүү дээ. 96 хувийн хөнгөлөлттэй. Харин цахилгаан халаалт хямд үнээр өгснийхөө дараа айлуудын зуух янданг шууд хурааж авна гэсэн үг. Төслийн зуухнаас ялгаатай нь цахилгаан халаалтыг тухайн гэр, эсвэл байшинд суулгаад, байршуулаад өгчихнө. Тийм учраас ямар нэгэн байдлаар зөөвөрлөх, бусдад зарах боломжгүй юм.

 

Төрөөс цахилгааны халаалтын технологийг дэмжих хүрээнд ийм аргаар халаалтаа шийдсэн айлуудад цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт эдлүүлж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн шөнийн цагт үйлчилдэг. Харин нэгэнт айлуудыг цахилгаанаар халаалтаа шийдэхийг хүчээр шахсан тохиолдолд  үүний нөгөө талд хөнгөлөлт, урамшууллаа ч бас нэмэгдүүлэх л хэрэгтэй.

 

 Одоогоор шөнийн тариф дээр иргэд 50 хувийн хөнгөлөлт эдэлж байгаа. Тэгвэл зөвхөн шөнийн тариф гэлтгүй 24 цагийн турш энэ хөнгөлөлтөө үзүүлчихэж болно. Тэртээ тэргүй утааг бууруулахад төрөөс мөнгө гаргахаас өөр аргагүй. Утааг бууруулахад гар татах ёсгүй. Шаардлагатай бол цахилгааны тариф дээр 50-аас илүү хувийн хөнгөлөлт эдлүүлсэн ч яадаг юм. Хамгийн гол нь хариуцлагатай, хяналттай л байх хэрэгтэй. Зөвхөн цахилгаан халаалт ч гэлтгүй гэрийн дулаалга, дулааны алдагдлыг бууруулах бусад бүтээгдэхүүний үнэд ч бас төрөөс нэгдсэн журмаар хөнгөлөлт үзүүлж болно шүү дээ.

 

Шалны цахилгаан халаалт, гэрийн дулаалга гэх зэрэг бүхий л технологиуд нь ороод ирчихсэн, зарагдаж байгаа. Гагцхүү хэтэрхий үнэтэй л байгаа юм. Үнэтэй учраас иргэд цөөн хэдэн төгрөгийн цахилгааны хөнгөлөлт авахын төлөө энэхүү бүтээгдэхүүнүүдийг сонгохгүй байгаа хэрэг. Тэгэхээр үнэд нь хөнгөлөлт үзүүлээд, зуух яндангуудыг нь хураагаад авчихад л хангалттай юм. Тэгээд утаагүй болгож байгаад, яваандаа айлуудыг орон сууцжуулах, дэд бүтцэд холбох зэрэг ажлуудаа хийнэ биз.

 

 Лондонд утаанаас болж нэг шөнийн дотор 200 гаруй хүн өөд болсны дараа Засгийн газар нь маш хүчтэй арга хэмжээ авч, бүх айлуудын янданг бөглөсөн гэдэг. Ингээд хүчтэй арга хэмжээ авсны үр дүнд утааг бууруулж чадсан. Манайд ч бас яг л үүнтэй адил хүчтэй, зоримог алхам хэрэгтэй болов уу.