Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжил
2018/05/02
Монгол Улс яагаад хөгжихгүй байна, эсвэл яагаад удаан хөгжиж байна, юу нь болдоггүй юм, хэн буруутай юм бэ гэх яриа ер тасрахгүй шүү. Амтай болгон ярьдаг даа.
Гэхдээ буруутнаар нь саарал ордон дахь “76” ба төр засгаа тэр чигт нь зааж тодорхойлоод яллачихна, монголчууд өөрсөддөө буруу өгнө гэж ер байхгүй. Явж явж ардчилал буруутай юм гэнэ ээ. Социализмыг халаад 28 дахь жилдээ ядуурч, бачуурч, гуриатаж яваа хүн маш олонтой тул ардчиллын нэр хүнд навс унасан л даа.
Налайгаад сууж байх нь манайхны хувьд нэг ёсны аз жаргал нь
Энэ талаарх дараагийн тайлбараа эвлүүлэн буулгахыг хичээе. Зөвлөлтийн дипломатч, түүхч, зохиогч Иван Майский 1921 онд Эрхүүд хэвлүүлсэн “Орчин үеийн Монгол: Монголын шинжилгээний ангийн тайлан” (“Современная Монголия: отчет Монгольской экспедиции, Иркутск, 1921”) номдоо монголчуудын зан төлөв, араншингийн талаар сургамжтай атлаа гашуун үнэн, уг нь бид тусгаж аваад арилгачихмаар олон зан чанарыг бичиж үлдээсэн байдаг. Түүнд эмзэглэх хэрэггүй юм.
Майскийн ажиглалт ба дүгнэлт:
-Монгол хүний оюун санааны хамгийн чухал шинж, сэтгэцийн үндэс нь назгай байдал лав мөн -Монгол хүнийг ажил хийх авъяас чадваргүй гэж хэлж болохгүй. Тийм биш. Шаардлага гарвал тэд мэрийлттэйгээр удаан ажиллаж чадна.
-Гай болоход монгол хүн ажил хийх дургүй. Аливаад хүч гаргахыг тэвчихгүй.
-Энэхүү залхуурлын үр дагавар нь практик дээр бол ердөө зүгээр суух явдал юм. Ийнхүү зүгээр суухыг ялангуяа, насанд хүрсэн эрэгтэйчүүд онцгой таашаадаг.
-Монголд эмэгтэйчүүд ба хүүхдүүд л ажилладаг. Тэд айл гэрийн бүхий л ажлыг амжуулдаг. Харин гэрийн эзэн аян жин гэхээс биш бусад үед гэртээ зүгээр сууж идэж ууж, саахалтынхаараа айлчилж, зочин хүлээж аван дуулсан сонссоноо хуваалцан ярилцана.
Майскийн 100 жилийн өмнөх ажиглалт ба дүгнэлт өнөөгийн XXI зууны Монголд яг тэр чигээрээ биш гэхэд заримдаг байдлаар давтагдаж нотлогдож байгаа учраас бид ардчилал туулсан 28 дахь жилдээ ядуурч, гуриатаж, мөнгөгүйтэж яваа байх.
Майскийн тэр тодорхойлсон назгай байдал, залхуурал, ажил хийх дургүй чанар, зүгээр суух явдал юунаас үүдэлтэйг бид олон жил судалсан даа. Судалсаар ч байна. Үүнийг арилгадаг хүчирхэг механизмыг ч хайсаар байна. Юунаас үүдэлтэй гэдэгт гарчгаасаа хариулт эрэлхийлж, дүгнэлт хийхээр зорьё. Ахмад хижээл настнууд бүү гомдоорой.
Монголчуудын юу ч хийхгүй байж чаддаг (мөн их тэвчээр шүү) хүмүүжилд манай нүүдэлчний гэр бүлийн хүмүүжил, ёс заншил нь зарим талаар буруутай гэчихвэл “нүүдлийн соёл иргэншил судлаач” багш нар минь бүү хилэгнээрэй. Яг үнэн шүү!
“Амны билгээс ашдын билэг” гэдэг онч үгс байна. Монголчуудын аз жаргал гэж юу вэ гэхэд амгалан тайван байдал, хотлоороо жаргах тухай ерөөл магтаалуудыг энд нэрлэлтэй биш, ерөөсөө л тайван суух. Яг л байгаль дэлхий шигээ налайгаад сууж байх нь манайхны хувьд нэг ёсны аз жаргал нь. Майскийн хэлдгээр зүгээр суухыг ялангуяа, насанд хүрсэн эрэгтэйчүүд онцгой таашаадаг, аян жин гэхээс биш бусад үед гэртээ зүгээр сууж идэж ууж, саахалтынхаараа айлчилж, зочин хүлээж аван дуулсан сонссоноо хуваалцан ярилцана гэсэн нь бараг л үнэн дээ.
Нүднээ бууж байгаа биз. Хөдөөгийн цөлх монгол эр хүний ерөнхий төлөв энд харагдаж байна. Энэ бол нэг ёсны аз жаргал нь. Нялх балчир үрсээ хүмүүжүүлнэ гэж нэг лут ухаан байсан мэтээр “нүүдлийн соёл иргэншил судлаач” багш нар минь сурталддаг бол тийм ухаан байгаагүйгээр үл барам хэрэв байсан бол өдийд яахаараа 28 жил ядуурч, гуриатаж явааг тайлбарлаатах даа.
Нүүдэлчин ухаанаар бол Монголын үрс ердөө л бор зүрхээрээ, хар зөнгөөрөө хүн болж өсдөг. Майский бичээд тавьчихжээ:– Үнэхээр ч монголчууд гайхалтай бүдүүлэг харанхуй байна. Төрийн жолоо атгадаг дээд лам ноёдыг нь эс тооцвол монголчууд бүгдээрээ дэндүү арчаагүй байдалтай гэжээ.
Ийм арчаагүй байдал нь өнөөдөр байгаа болоод л бид 28 жилийн турш ядуурч, гуриатаж яваа юм. Худлаа биш, бүү эмзэглэ.
Хүүхдээ хэрхэн яаж хүмүүжүүлдгийг өвөө, эмээ нарын хүмүүжлийн суу билгээс нь хайя. Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжилд тэд ач зээ, гуч нараа нялхаас нь албадан сургадаг юм. Монгол айлуудад түгээмэл байдаг даа. Мөлхөө жаалыг гэрт гэрийн хананаас, эсвэл баганаас, байшинд ширээний хөл, орны хөл, паарнаас уячихдаг. Аав ээж нар нь өвөө эмээд нь нялх балчир үрсээ даатгаад бүтэн өдрөөр алга болчихно. Хүүхэдтэй ажиллах зарчим нь өлсгөхгүй, цангаахгүй, цагт нь унтуулна, өвчин тусгахгүй харж байх. “Болохгүй”, “болохгүй”, “томоотой бай”, “дуугүй бай”, “эндээ байж бай”, “битгий бос”, “битгий холд”- хэлд орохдоо л нялх хүүхэд ийм үгсийг тархиндаа суулгана. Ач зээгээ уячихсан, эсвэл нэг тоглоомоор сатааруулаад өвөө нь зурагтаа үзэж, эсвэл тамхиа татаад л өдрийг өнгөрөөнө. Майскийн хэлснээр өвөө нь гэртээ зүгээр сууж идэж ууж, саахалтынхаараа айлчилж, зочин хүлээж аван дуулсан сонссоноо хуваалцан ярилцана. Завандаа ач зээ рүүгээ хааяа нүдээ бэлчээчихнэ. Нөгөөдөх нь шовойгоод нэг юмаар оролдоод сууж л байна. Боллоо. Эмээ гал тогоотойгоо хуримласаар оройг хүргэнэ.
Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжилд тэд ач зээ, гуч нараа нялхаас нь албадан сургадаг юм
Уг нь хүүхэд хүмүүжүүл хэмээн даатгах ёстой атал, хүүхэд харж бай гэж үүрэгддэгээс өвөө эмээ нар ердөө л сахиул манаач. Сахиулаар хүрээлүүлчихсэн хүүхэд юу ч хийхгүй байж чаддаг дадал авдаг, тэр нь хүмүүжлийнх нь суурь болдог. Уг нь 2-3 нас бол хүүхдийн жинхэнэ хүмүүжлийн суурь нас юм. Хүүхэд босно харайна, гүйнэ, ертөнцтэй танилцана, юм юм сонирхоно.
Тийм хөдөлгөөнтэй хүүхдийг манайхан “өрөмний өт шиг” гэж хочлоод багаас нь дарамтлан, алганы амт үзүүлээд юу ч хийхгүй байж чаддаг дадал суулгачихна. Биднийг багад буланд зогсоож их шийтгэдэгсэн. Тэр ч бас л хөл хорьж, гар тушиж, зүгээр суудаг дадал суулгадаг нэг ёсны арга байж билээ.
Хүүхэд харах чинь мэргэжил юм. Уг нь Цэцэрлэгийн багшийн сургууль гэдэгт цэцэрлэг, яслийн багш бэлтгэж байсан нь тэрхүү мэргэжлийг олгож байсан ухаантай юм. Одоо больсон байх.
Өвөө эмээ гэдэг сахиул манаачийн дунд юу ч хийхгүй байж чаддаг дадал авсан хүүхэд сургуулийн бараа харна. Манайд бага, дунд, дээд сургуулийн нэгдсэн стандарт алдагдчихсан тул цаад сургуулиасаа бус наад хүүхдийн бор зүрх, хар зөнгөөс шалтгаалан тархинд нь боловсрол сууна. Хүүхэд өсөх насандаа юугаар тоглож өссөн өтөл насандаа яг тэр дадал нь үлдэнэ, түүнийгээ л тоглоно. Сурсан хөзрөөрөө тэтгэвэрийн насаа өнгөрөөж яваа олон сэхээтнийг би мэдэх юм. Өөр юу ч тоглохгүй. Сурсан заалгасан бусад мэдлэг дадал нь мартагдчихдаг. Худлаа биш, бүү эмзэглэ.
Сахиул манаачийн үүрэгтэй өвөө эмээ нь асар их хүнд хөдөлмөр хийлээ хэмээн үр хүүхдэдээ ялархдаг нь манайханд түгээмэл. Хавьтсан ойртсон болгондоо тэр гавьяагаа ярина, дан завгүй байсан мэтээр. Тэд хүүхэд харсан биш цаад хүүхдийг алж дуусч байгаагаа мэддэг, мэдэрдэг монгол айл, гэр бүл тун цөөхөн дөө. Өвөө эмээ нарыг жилд нэг удаа амилуулдаг, “хөгшин дүр”-дээ яг тоглодог нэг ёслол буй. Цагаан сар. Цагаан сар бол хөгшчүүдийн гол дүрээ олж авдаг, түүндээ тоглодог нэг ёсны баяр нь юм. Зүв зүгээр хүүхдийн сахиул хийгээд сууж байсан хижээл нөхөр нэг мэдсэн чинь лут торгон дээл өмсчихсөн, өмнөө баахан ул боов давхарлаад өрчихсөн, баахан хүн дугаарлуулаад сууж байх нь тэр. Нөгөө улс нь очиж золгоод л... Ийм хэмнэл Монголд байдаг нь худлаа биш, бүү эмзэглэ.
Юу ч хийхгүй байж чаддаг тэр суурь хүмүүжлийнх нь бодит үр дүн өнөөдөр монголчуудын мэргэжил сонголт дээр нүднээ буутал харагдана. Ихэнхдээ юу ч хийхгүй байж чаддаг ажил мэргэжил. Хотууд дахь энэ олон дэлгүүр, өдөр шөнийн захууд байна. Бараа манасан, лангуу сахисан зүгээр суугчид, гар утсаараа оролдсон худалдагчид мянга мянгаараа төрж байна. Худалдан авагч очихгүй бол зүгээр суугаад байх нь тэр. Жилийн дөрвөн улирлын турш. Албан газрын сахиул, дутуу орхисон барилгын сахиул олдох нь тун элбэг, иймэрхүү ажлын байранд захын хүн тэнцэнэ. Бушуухан бор гэрээ бариад авна.
Гэртээ бараг арвуулаа барилгын караказ сахиад зүгээр сууж байна. Ийм айл өрх дэндүү олон. Бас л ихэнхдээ зүгээр суугчид. Нийслэлийн замыг түгжиж, бөглөрөл үүсгэдэг хот хөдөөгийн хувийн тэрэгнүүд. Хүн зөөгөөд хэд гурван төгрөг олчих санаатай, гэхдээ ихэнх нь зүгээр суугчид. Үйлчлүүлэх хүн олдохгүй бол бүтэн өдөр зүгээр сууна. Давхиж явахдаа ч зүгээр сууна, парклаад ч зүгээр сууна. Хулгайн гэмт хэрэг, хог ухагчид гээд бас л зүгээр сууж мөнгөнд хүрэхийг хүсэгчид. Түрээсийн бизнес, ломбард, хүүтэй зээл гээд Монголд түгээмэл байдаг мэргэжлүүд бол мөн л нөгөө юу ч хийхгүй байж чаддаг тэр суурь хүмүүжлээс нь улбаатай. Юу ч хийхгүй байж чаддаг суурь хүмүүжлээ насанд хүрээд хэрэглэж байгаа нь тэр. Нэг үгээр бол, зүгээр сууж байгаад мөнгө олох.
Монголчууд хурал чуулган, баярын хурал, хурлын индэрт залрах, олны нүдэн дээр шагнуулах, магтуулах, баяр тэмдэглэх, цэнгэх наргих төрмөл дуршилтай байдаг нь бас л юу ч хийхгүй байж чаддаг суурь хүмүүжлээс нь урган гардаг үйлдлүүд юм. Гэм нь энэ бүхнээс нь мөнгө босдоггүй, амьдрал ахуй нь сайжирдаггүй, гэхдээ тэглээ гээд монголчууд бодох санах юм байхгүй.
Монголчууд минь XXI зууны хэмнэлээр амьдармаар байна. Хурдан гэгээрч, хөлжиж баяжмаар байна. Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжлээсээ салмаар байна.
Олхонуд Баярхүү профессор
Засгийн газрын мэдээ
Лаахүү · 2018/05/03
Ер нь бол юм болгонд 2 тал бий сайн бас муу
Лхаахүү · 2018/05/03
үнэншдээ бидний ирээдүй болсон хойч үеээ юу ч хийхгүй байж чаддаг эрдэмд биш бүхнийг хийж бүтээж чаддаг хүн болгон төлөвшүүлэх шаардлага үүсээд байгаа нь
Sogtuu Zagaa · 2018/05/03
Yag unen suu
Sogtuu Zagaa · 2018/05/03
Yag unen suu
zochin · 2018/05/03
ene vnen shvv
ene bayrhuu gej tsarai shigee novshiin amitan daa · 2018/05/02
ene bayrhuu gej tsarai shigee novshiin amitan daa
зочин · 2018/05/02
үлгэр нь хүртэл жаргаж төгсдөг
qwerty · 2018/05/02
zvgeer saihan namar shig nalaigaad suuh saihan shdeee bi odoo ajilaasaa garah gej bna owol boltol saihan zvgeer suuna gej