Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Сар шинийн баяр" болох гэж байгаатай холбогдуулан “Цагаан идээний өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байгаа юм.

Уг үзэсгэлэн худалдааны нээлт  уржигдар болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон Чулуут сумын удирдлагууд оролцсон.

Энэхүү үзэсгэлэн худалдааны гол зорилго нь сүү, цагаан идээний үнийг тогтвортой байлгах үүднээс уламжлалт гар аргаар боловсруулсан сүү, цагаан идээг ямар нэгэн шат дамжлагагүйгээр хөдөө орон нутгийн малчдын гар дээрээс зах зээлийн үнээс хямд үнээр худалдаалах юм. Үзэсгэлэн худалдаа “Скай” их дэлгүүрийн гадна талбайд энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Дүүргийн нутаг дэвсгэрт хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газар, Чулуут сумын нутгийн зөвлөлтэй хамтран “Цагаан идээний өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байгаа билээ. Үзэсгэлэн худалдаанд Чулуут сумын 100-аад өрхийн малчид 60 орчим тонн цагаан идээг нийслэлчүүдэд хүргэхээр ирсэн аж.

Х.Даваа