Монголын сувилагчдын III чуулган боллоо
2013/08/26
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Монголын сувилагчдын III чуулга уулзалтад оролцлоо. Чуулга уулзалт “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, тэгш байдал” сэдвийн хүрээнд Төрийн ордны “Их танхим”-д зохион байгуулагджээ.
Хүн амд чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд сувилагч нарын ажлын ачаалал их, хүний нөөцийн хангалт муу, ажлын үнэлэмж бага, тусламж үйлчилгээ үзүүлэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутмаг байгаа явдал саад болж буйг чуулганд оролцогчид хэлж, эдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар ярьж байлаа.
Тус чуулган Монгол улсын эрүүл мэндийн салбарын 70 хувийг үүрч яваа сувилагч нараас “Сувилахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааг авч, хэлэлцүүлэг зохион байгуулан зөвлөмж боловсруулж бодлого боловсруулагч нар болон төр захиргааны байгууллагуудад сувилагчдын дуу хоолойг хүргэх зорилготой аж.
Мөн энэ сарын 18-23-ны өдрүүдэд Австрали улсын Мельбурн хотод зохион байгуулагдсан Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэг (ОУСН)-ийн XXV Их хурлын зорилтыг хэрэгжүүлэх нь тус чуулганы бас нэгэн зорилт байв.
Чуулганд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт-У, Монгол улсын сувилахуйн салбарт ажиллаж байгаа Улаанбаатар хот болон орон нутгийн 800 сувилагч – төлөөлөгчид урилгаар оролцож, Солонгос, Япон улсуудын профессорууд илтгэл танилцуулжээ.
Монголын Сувилагчдын Нийгэмлэг нь 1997 онд байгуулагдсан нийт 46 салбар нийгэмлэгийн нийт 9000 гаруй гишүүдийн 4000 гаруйг нь эгнээндээ нэгтгэсэн сувилахуйн мэргэжлийн үндэсний нийгэмлэг бөгөөд 2001 онд Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэгийн гишүүнээр элссэн байна.