2013 оны 12-р сарын 12-ны өдөр “Dnews.mn” вэб сайтад нийтэлсэн “Хятадууд хууль зөрчиж архи оруулж ирсэн нь үнэн байжээ” гэсэн мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаар тус байгууллагын дотоод хяналтын нэгжээс Дорнод аймгийн Баянхошуу боомтын Хилийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Уг шалгалтаар хилийн хяналтын улсын байцаагч нь Баянхошуу боомтоор орж ирсэн “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн ажиллагсадын автобусанд 11 градусын хатуулагтай, 270 ширхэг “Moutai” дарс байсныг илрүүлж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу мэдэгдэл үйлдэн, саатуулсан боловч  тус компаний ахалж явсан хүнд торгуулийн арга хэмжээ авч, уг согтууруулах ундааг буцаан олгосон зөрчил гаргасан нь тогтоогдсон тул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, сахилгын шийтгэл ногдууллаа.

Дээрх нэр бүхий улсын байцаагчийн гаргасан зөрчил дутагдлын талаар нийт улсын байцаагчдад мэдээлж, цаашид хяналт шалгалтын үйл ажиллагаандаа хариуцлагатай хандаж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, алдаа дутагдал гаргахгүй байх, гаргасан тохиолдолд хариуцлага хатуу тооцож ажиллана гэдгээ анхаарууллаа.