Сүүлийн үед Монгол улсад эмчлэгдэхгүй гадагшаа явбал эмчлэгдэнэ гэх өвчний оноштой хүмүүсийн тоо нэмэглдсээр л байна. Өвчин гэж хэлж ирдэггүй хийсч ирдэг нь хяслантай юм даа. Ингэж хэлэхийн учир нь ид хийж бүтээх санаандаа өвчинд шаналан хүний гарт орсон нэгэн залуугийн тухай бичих гэж буй юм.

Манай улсад анх удаа зөөлөн эдийн мөгөөрсний хорт хавдар өвчний тохиолдол илэрчээ. Эл өвчнөөр Архангай аймгийн Тариат сумын иргэн 26 настай И.Энхбат гэх залуу өвдсөн байна. Тэрбээр эхнэр, ой долоон сартай хүүгийн хамт амьдардаг бөгөөд өмнө нь "Жаст" компанид түгээгч ажилтай байжээ.

Монголд анх удаа тохиолдож байгаа учир тоног төхөөрөмжөөс эхлээд эмчлэх ямар ч боломжгүй гээд аль ч эмнэлэг хүлээж аваагүй байна. Одоо өвчтөн гэртээ байгаа ба өвчний тархалт маш хурдацтай явагдаж байгаа болохоор 15 хоногийн өмнө алхаж байсан хүн одоо хэвтэрт оржээ. Түүнд одоогийн байдлаар зөвхөн өвчин намдаах эмчилгээ л хийгдэж байгаа юм.

Тэрбээр анх 2013 оны 12 дугаар сарын нэгэнд өвчин нь хүндэрч, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ирж, шинжилгээ өгөхөд хавирганы хавдар гэдэг онош тогтоогдож, Халдвар судлалын үндэсний төвийн мэс заслын их эмч н.Сүхээ дээр хагалгаанд оржээ. Гэвч биеийн байдал сайжраагүй болохоор нарийн шинжилгээ өгөхөд зөөлөн эдийн мөгөөрсний хорт хавдар гэдэг онош тогтоогдсон байна.

Манай улсад ямар ч эмчилгээгүй гээд Солонгос, БНХАУ, Тайланд улсын эмнэлэг рүү дүүгийнхээ өвчний материалыг түүний эгч И.Баттогтох явуулжээ. Тэднээс Солонгосын Сон эмнэлгээс "энэ өвчтнийг манайх авья" гэсэн хариу ирүүлсэн байна. Дүүгийнх нь өвчнийг эдгэрэх магадлал 70 хувь гэв.

И.Энхбатын эмчилгээний зардлыг 75 сая төгрөг гэжээ. Тэдний гэр бүлийнхэн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Н.Болор, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Нутгийн зөвлөлийн дарга н.Ганхуяг нарт өргөдөл, хүсэлт хүргүүлжээ. Уншиж танилцаад хариу өгье гэсэн хэмээн түүний эгч И.Баттогтох ярьсан юм.

Түүнчлэн Архангай аймгийн Тариат сумын Засаг дарга Алтан-Очир бидний хүсэлтийг нааштайгаар хүлээж авсан байна. 

И.Энхбатын өвчнийг  Монголын эмч нар яг юунаас болсныг нь тогтоох боломжгүй гэжээ. Тэрбээр өнгөрөгч оны дөрөвдүгээр сард мотоциклиос унаад хоёр хавиргаа гэмтээчихсэн. Гэтэл тэр нь сэдрээд хавдар болж хоёр хавиргаа авахуулсан аж. Үүнийхээ дараа сар хэртэй гайгүй байж байгаад дотроо үсэрхийлж нуруу руугаа ороод нугасны мэдрэлийн судаснууд нь дарагдаад тэр хэсгээрээ мэдээ муутай болж 5, 6 дугаар сээр нуруундаа болон уушиг руугаа үсэрхийлсэн байжээ. Одоо түүнд яаралтай эмчилгээний зардлаа олох л үлдээд буй.

Түүний эгч И.Баттогтох "Хаан банк"-нд дүү И.Энхбатынхаа нэр дээр 5017253640 дугаартай хандивын данс нээжээ. Монголын маань ард түмэн манай дүүд тусална гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв та дээрх гэр бүлд туслахыг хүсвэл 94797427, 99338133 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

 

Х.Даваа