Ц.Мөнхбаярт 21 жилийн хорих ял оноожээ
2014/01/21
Урт нэртэй хуулийн төсөлтэй холбоотойгоор “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй найман хүн өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Тэднийг Төрийн хамгаалалттай газарт галт зэвсэг хэрэглэсэн, “Централ товер” Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид өнгөрсөн хугацаанд саатуулсан. Өөрөөр хэлбэл Ц.Мөнхбаяр нарын найман иргэнд Эрүүгийн хуулийн 177.2 буюу зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдад хор уршиг учруулсан, 149.3 буюу зохион байгуулалттай бүлэг онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн, 185.1.2 буюу галт зэвсэг байлдааны хэрэгсэл хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Улмаар ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид уржигдар, өчигдөр хаалттай хуралдаж өчигдөр орой шүүхийн шийдвэр гарав. Тодруулбал Ц.Мөнхбаяр ба түүний нөхдөд 21 жилийн ял оноожээ. Харин О.Самбуу-Ёндон, Ж.Ганболд, Б.Гантулга нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 149.3 буюу зохион байгуулалттай бүлэг онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн гэх хэргээр яллахаар төлөвлөөд байсан бөгөөд энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр: "Би хуульд заасны дагуу эх орноо хамгаалах иргэн хүний үүргээ биелүүлсэн, энэ яригдаж байгаа гэмт хэргүүдийг үйлдээгүй. Намайг яаж л шийтгэж хоринов, тэрүүгээрээ л болог, тэр бүхэн нь энэ нийгэм ямар байгааг л харуулах болно. Миний хэлэх ганц л зүйл гэвэл намайг хийсэн гээд байгаа хэргүүдийг би үйлдээгүй” хэмээн мэдэгдснийг эх сурвалж мэдээлж байна.
Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарыг шүүх хурал сарын 8-нд болох байсан ч хойшилсон юм. Тодруулбал, өмгөөлөгч н.Бэхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд хүрэлцэн ирээгүй учир шүүгдэгчид хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан юм.
А.Баярмаа