Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос нийтийн тасалбарын үнэ нэмэгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Зорчих тасалбарын үнэ 500 төгрөг болон нэмэх шаардлагатай гэж мэдэгдсэн юм.

Тус холбоонд нийтдээ 24 аж ахуй нэгж байдаг аж. Эдгээр байгууллагууд 2009-2013 оны хооронд нийтдээ 23.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Үүний улмаас "ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэж чадахгүйд хүрчээ. Ганцхан жишээ татахад, 1999 онд дизел түлш 270 төгрөг байхад автобусны мөнгө 200 төгрөг байсан бол 2009 онд түлш 1000 төгрөг болсон хэдий ч тасалбарын үнэ 300 төгрөгөөс хэтрээгүй. Харин 2011 онд түлш 1300 төгрөг байхад 400 төгрөг, одоо 1750 төгрөг байхад тарифийг 500 төгрөг болгох нь зүйтэй юм. Мөн өнөөдрийн байдлаар дунджаар том оврын автобусны жолооч 650-750 мянган төгрөг, кондуктор 350-450 мянган төгрөг авч байгаа" тус холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуу ярьлаа.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар нийтийн тээврийн алдагдлыг төрөөс нөхөж өгөхгүй гэсэн шийдвэр гарсантай холбоотойгоор автобусны зорчих тасалбарын үнийг 100 төгрөг нэмэхээр болсон энэ аж.

Монголын том оврын автобус эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуутай цөөн хором ярилцсан юм.

-Автобусны тасалбарын үнэ нэмэх болсон шалтгаан?

-Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 93 дугаар тогтоолд "Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан хотын нийтийн тээврийн үйлчилгээний тарифийг 1996 оны 3 дугаар сард багтаан чөлөөлт тогтолцоонд дэс дараатай шилжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй” гэж заасан байдаг.  Харин Нийслэлийн нийтийн тээврийн газартай бид гэрээ байгуулж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмэхгүй байхаар болсон. Уг гэрээ дууссаны дээр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар нийтийн тээврийн алдагдлыг төрөөс татаасаар олгохгүй гэсэн шийдвэр гарсан тул бид алдагдлаа нөхөх үүднээс тасалбарийн үнийг нэмэхээс аргагүй болж байна.

-Нийслэлийн Нийтийн тээврийн газраас өчигдөр зорчих тасалбарын үнийг нэмэхгүй талаар мэдээлэл өгсөн байгаа?

-Бидний байгуулсан гэрээ дууссан. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулж байж шийднэ. Хэрвээ нийгмийн эмзэг хэсгийнхэн голдуу үйлчлүүлдэг автобусны үнийг нэмж, тэдэнд ачаа нэмэхгүй гэж байгаа бол бидний алдагдлыг нөхөх хэрэгтэй.

-Зорчих тасалбарын үнээ нэмлээ гэхэд автобусны үйлчилгээ сайжирах уу?

-Мэдээж сайжирна. Бид алдагдлаа нөхөөд ирвэл, үйлчилгээ үзүүлж буй хүмүүсийн тухайд ч ажиллах сонирхол нэмэгдэж, зах харилцаа, үйлчлүүлэх орчин зэргээ сайжруулах боломжтой.

-Энэ жил оюутан, ахмад настан зэрэг хүмүүст зориулж хэдэн төгрөгийн санхүү орж ирдэг вэ?

-Яг өнгөрсөн жилийнхээр буюу 53 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Нийтийн тээврийн тасалбарын үнийг энэ сарын 23-наас эхлэн 500 төгрөг болгохоор шийдвэрлэснийг том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос өнөөдөр мэдэгдлээ. Тэд нийтийн тээврийн үндсэн дөрвөн компани дээр эдийн засгийн тооцоо судалгаа хийж,  нэг хүнийг тээвэрлэхэд гарч буй алдагдлыг тооцож гаргажээ. Төрөөс тухайн сард нь эсвэл жилд гарах алдагдлын зөрүүг татаас хэлбэрээр олгоогүй учир 2009-2013 оныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн аж ахуй нэгжүүд нийт 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэлээ.

Мөн автобусны тасалбарын үнэ нэмэх болсноо бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй харьцуулсан юм. Тэрбээр "хуушуур 50 мөнгө байхад нийтийн тээврийн тариф мөн л тийм байсан. Гэтэл одоо хуушуур 1200 төгрөг болоод байхад автобусны үнэ 400 байна. Нэг үгээр нийтийн тээвэр нь зах зээлд ороогүй ганц салбар гэж ойлгож болохоор байна" гэж онцолж байсан юм.

Түүнчлэн Засгийн газар, Зам тээврийн яам, НЗДТГ, ШӨХТГ-т энэ талаар албан ёсоор мэдэгдсэн, одоохондоо хариу ирээгүй байгаа ч тэднийг ойлгох байх гэж бодож байна. Нөгөө талаар чөлөөт үнийн тогтолцооны хууль хүчин төгөлдөр байгаа цагт бид үнийг тогтоох боломжтой. Засгийн газраас иргэдийн нуруун дээрх ачааг бууруулж, алдагдлыг нөхөж олгоод байвал хуучин үнэ болох 400 төгрөгөөрөө явах боломжтой гэв.

Ажлаа хаа хаанаа хариуцлагатай хийж гэрээгээ дуусгавар болох хугацааг холбогдох хүн нь мэдэж байсан л баймаарсан. Аливаа асуудлын цаана ард иргэд л чирэгдэх юм.

Хэрвээ төрөөс ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол иргэд нөгөөдрөөс 500 төгрөгөөр нийтийн тээврээр зорчих аж.

Х.Даваа