"Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын таван хүнд анхан шатны шүүхээс 2-21.6 жилийн хорих ял оноогоод байгаа билээ. Энэхүү шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнханд, Оюу толгойн хяналт ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл, Хил хязгааргүй гол мөрөн бүсийн сүлжээний төлөөлөл болон шүүгчдийн ар гэрийнхэн мэдээлэл хийсэн юм.

Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд,  М.Мөнхболд нар нь урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө ажилласан гэдэг. Харин энэ нь хууль хяналтынханд тэднийг гэмт хэрэгтэн болгох шалтаг болсон хэмээн үзэж байгаа аж.

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнханд: "Тэд эрх мэдэл, хоол хүнс нэхээгүй. Зөвхөн байгаль орчин, газар шорооныхоо төлөө явсан. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй" онцлов.

Оюу толгойн хяналт ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл "Гадны орнуудад нийтийн эрх ашгийн төлөө тэмцэгчдийг яллах бус тусгай хуулиар хамгаалдаг юм. Гэтэл манайд ийм хууль байдаггүй. Нийтийн өмчийг шамшигдуулж, авлига авсан хүмүүст 3-5 жилийн ял өгдөг атлаа байгалиа хамгаалах гэж явсан хүмүүст 21 жил өгч байгаа нь шударга бус" хэмээн үзэж байна гэлээ.

Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнэ: "аавыг шантаачилж мөнгө авдаг гэсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой" хэмээн мэдэгдсэн юм. 

Түүнчлэн өөрийн хүслээрээ тэмцэн явж байсан хүмүүсийг зохион байгуулалттай гэмт хэрэгтэн болгож харагдуулсанд харамсаж буйгаа тэд хэвлэлийн бага хурлын үеэрээ хэллээ.

Шүүхээс 21 жил 6 сарын ял авсан Ж.Ганболдын эхнэр шүүхийн тогтоол урьдчилан бэлтгэсэн байсан. Шүүх бүрэлдэхүүн дээрээс өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлсэн хэмээн үзэж буйгаа дуулгасан юм.

Ц.Мөнхбаяр нарын үйлдэл хэнд ч хохирол учруулаагүй. Байгаль орчин, түүх соёлоо хамгаалахын төлөө өөрсдийгөө золиослон зүтгэснийх нь төлөө яллаж байна. Нийтийн эрх ашгийн төлөө тэмцэж буй хүмүүсийг ялладаггүй туршлагыг Оросоос харж болно. Шүүхийн энэ шийдвэр нь иргэний нийгмийн байгууллага төр хоёрын хоорондох хагарлыг илүү нэмэгдүүлж байна хэмээн мэдэгдэж, шат шатны шүүхэд хандаж, шударга ёсны төлөө явна гэдгээ тэд мэдэгдлээ.

Ар гэрийнхнээс гадна Даяар Монгол хөдөлгөөнийхэн хүртэл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн мэдээлэл хийсэн билээ.

Ямартай ч төр лүү буу шийдэн барьсан гэх үндэслэлээр Эх орныхоо төлөө үгээ хэлсэн 6 Монгол иргэнийг ялтан болгож байгаа бололтой. Уул нь тэдний санаа эсэргүүцэх нь зөв ч гэлээ арга нь арай л буруу байв уу?

Манай УИХ-ын 76-тай эвээр ярьж хэлэхээр ойлгохгүй байсан байж магад. Урт нэртэй хуулийг эсэргүүцэн жагсаал цуглаан олон удаа хийж байсан удаатай. Гэвч хөөрхий 76-ийн нэгэн ч ойлгож сонсоогүй. Тэгээд тэд эрхэмүүдэд цочироо өгөх зорилгоор буу, тэсрэх бөмбөг дээрээ тулсан байх. Гэтэл эх оронч үзлээ хүйтэн зэвгээр илэрхийлсэн гэдгээсээ болж өнөөдөр 2-21 жилийн ялыг анхан шатны шүүхээс өгчихлөө.

Төр нь бас бидний өмнөөс эсэргүүцэн босвол хомроглон шоронд хорьж ялтан болгоно гэж буйгаа энэ 6 хүнээр жишээ болгон харуулж байна уу гэлтэй. Түүнээс биш хүн алж хүрээд алчихаагүй, Эх орныхоо газар шороог харийнханд хоорондоо үгсэн зарж идээгүй л байлтай. Ёстой нөгөө төр төмөр нүүртэй гэдгээ харуулж байгаа илэрэл нь юм уу гэж хэлмээр санагдах юм. Эл хэргийг ийм нэг өнцгөөс харж болно.

Харин нөгөө нэг өнцгөөс нь хараад үзвэл,  Хэрэг болдог өдөр 2013 оны есдүгээр сарын 16-ны өдөр Ц.Мөнхбаяр нар галт зэвсэгтэйгээр Төрийн ордны хамгаалалтын бүсэд нэвтэрсэн байдаг. Тухайн үед Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга А.Бат-Эрдэнийн мэдэгдсэнээр, Төрийн ордны арын цэцэрлэг, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, "Central tower" зэрэг газрыг шалгаж гурван буу, 7.62 мм-ийн голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гранат, бусад тэслэгчийг илрүүлж хураан авсан хэмээн мэдээлэл өгсөн. Мөн Ц.Мөнхбаяр нараас гранат 11, Сайга маркийн буу нэг, гар буу нэг, том жижиг бууны сум 101, тортел 11, тетанатр ес, бууны замаг нэг ширхгийг хураасан гэдэг.

Тэдний авч явсан гранат нь байлдааны зориулалттай F1 буюу ширмэн гадартай хориглолтынх байсан гэж холбогдох албаныхан хэлж байсан. Эл гранатыг нуувч, ухсан нүх, саравчин дотор байгаа дайснаа устгахад ашигладаг аж.

Харин тэд дээрх зэвсэгүүдээ хаанаас авсан, хэн тэдэнд өгсөн юм бол гэх асуулт гарч ирж байгаа юм. Тухайн үед хэргийг шалгаж байх явцад "Дорнод аймгийн Зэвсэгт хүчний нэгэн ангиас зэвсгээ авсан. Ангийн дарга нь солигдох үеэр энэ явдал болжээ..." гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад өнгөрсөн удаатай.

Үнэхээр аюултай галт зэвсгээр тэд бүрэн зэвсэглэсэн байсан юм бол Монголын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийхэн яагаад байлдааны зэвсэг, сум сэлтээ гадагш гаргасан байж таарах уу? гэдэг асуулт бас хамгийн сонирхолтой нь.

Монголын батлан хамгаалахынхан буу, сумаа хулгайд алдсан бол энэ тухайгаа мэдэгдмээр юм. Гэтэл энэ талаар ганц ч үг одоог болтол гараагүйг бодохоор тэд хулгай хийгээгүй болж таарч байна. Харин тус байгууллагаас нэг нь худалдсан байх магадлалтай. Хэрвээ дотроосоо хэн нэг нь худалдсан байвал батлан хамгаалахынхан өөрсдөө Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хэрэг.

Д.Бат-Эрдэнэ сайд цэргүүддээ буу биш хүрз бариулж байгаа гэж ярих болсон. Харин цэрэгт буу байхгүй эсрэгээрээ иргэдэд галт зэвсэг байдаг болоо юу? даа. Үгүйсэн бол өндөр хяналтын дор эр цэргийн гарт байх ёстой буу зэвсэг иргэдийн гарт очдог болсон цаг бололтой.

 

Х.Даваа