Налайхад мах боловсруулах үйлдвэр энэ намар ашиглалтад орно
2018/06/13
НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа, П.Баярхүү нар болон НХХААГ,НАЗХГ, НГА, НМХГ-ын албаны хүмүүсийн хамтаар Налайх дүүрэгт баригдаж буй мах боловсруулах үйлдвэр барих төслийн үйл ажиллагааны явцтай танилцлаа.
Энэхүү мах боловсруулах үйлдвэр нь иргэдэд үйлчлэх үйлчилгээний байр, бэлэн болгосон бүтээгдэхүүнийг зарж борлуулах төв, бог, бод малыг төхөөрөх байр гэсэн таван хэсэг барилгаас бүрдэх юм байна. Нийт 6.2 га газарт энэхүү бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Тус үйлдвэр нь ашиглалтанд орсноор мал нядлах, мах болон дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, худалдан зарж борлуулах үйлчилгээ үзүүлэх бөгөөд жилийн дөрвөн улиралд ажиллах ажээ. Бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг “МБҮ” ХХК хийж байгаа юм. Тус үйлдвэр ашиглалтанд орсон тохиолдолд өдөрт 7500 бог, 1500 бод нядлах хүчин чадалтай, энэ салбарт хамгийн сүүлийн үеийн чанар стандартыг хангасан тоног төхөөрөмжийг байршуулан ажиллуулсан үйлдвэр болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэллээ. Мөн үүнийг дагалдан шинээр 700 ажлын байр бий болно гэж тооцжээ.