НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанд " Биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийн төслийг  Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцууллаа. Энэ дэд хөтөлбөрийн гол зорилго нь нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн биеийн тамир, спортын ажил үйлчилгээ, орчин нөхцлийг сайжруулахад оршиж байгаа юм. Дэд хөтөлбөрийн хүрээнд 4 зорилт, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 53 арга хэмжээг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Манай улс  2020 оны "Азийн хүүхдүүд" олон улсын хүүхдийн спортын 7-р наадам болон 2023 оны Зүүн Азийн залуучуудын наадмыг нийслэлдээ зохион байгуулах эрх авсан билээ. Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлд болон Баянгол, Баянзүрх, Налайх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт олон улсын жишигт нийцсэн спортын цогцолборуудыг барьж байгуулж байгаа юм.

Харин ННБТСХ-ны боловсруулсандэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  спортыг иргэдийн эрүүл амьдралын хэв маяг, амьдралын чанарыг дээшлүүлэх хэрэглүүр болгох, улс орны нэр хүндийг тив, дэлхийн түвшинд цуурайтуулах өндөр ур чадвартай тамирчдыг бэлтгэх нөхцөл, материаллаг бааз, техник техологи, тоног төхөөрөмж, эрх зүйн, хөрөнгө санхүүгийн орчинг сайжруулахад чиглэгдсэн бодит ажлууд болох юм.

Тэргүүлэгчид дэгийн дагуу энэ асуудлаар санал хэлж асуулт асуулаа.  Тус хөтөлбөр нь өмнөх хурлаас буцаагдсан бөгөөд тодорхой заалтуудыг нэмж тусгасан юм. Гэсэн ч өнөөдөр Тэргүүлэгчид хэд хэдэн асуудлыг нэмж тусгах санал гаргалаа.
 

НИТХ-ын дарга С.Амарсайхан:

"ННБТСХ-ныхон спортын талбайгүй цэцэрлэг, сургууль байхгүй гэж хэлсэн. Зөвхөн утаа, хөрсний  бохирдлоос болж хүүхдүүд гадаа тоглож чадахгүй байгаа гэдэг асуудлаа өөр газар бүү яриарай. Улаанбаатар хотоор дүүрэн спорт залгүй, талбайгүй сургууль маш олон байна. Хөтөлбөр үндсэндээ өмнөхөөсөө сайжирч орж ирсэн боловч маш ерөнхий байна. Тиймээс энэ ерөнхий заалт бүрийн ард тодорхой заалтуудаа дэлгэрүүлж оруул" гэлээ.  
 

НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл:
Энэ дэд хөтөлбөр урагшлаагүй, ахиц гараагүй байна. Өмнө нь байсан хувилбар дээр ямар өөрчлөлт хийсэн тухай харьцуулалтгүй. Төр болон хувийн хэвшлийн хоорондох түншлэлээр биеийн тамирын салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар биш, улсын хөрөнгөөр барьж байгаа хэдэн спорт заалыг дуусгах асуудал ярьж байна. Би энэ хөтөлбөрийг дэмжихгүй. Энэ хөтөлбөрөө дахин амьдралд ойр хий.
 

НИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхжаргал:

Азийн хүүхдийн наадам-2020”, Зүүн Азийн залуучуудын наадам” болно. Үүний бэлтгэл ажил намайг төлөөлөгч болоход яригдаж байсан ч одоог хүртэл ажил хийгдээгүй байна. Энэ наадамд зориулагдсан томоохон хэмжээний бэлтгэл ажлыг өрнүүлэх хэрэгтэй.
 

НИТХ-ын Тэргүүлэгч Б.Цолмон:

Олон биеийн тамирын газрууд барих тусам хэн, хаана, юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, ажиллуулж чадахгүй болдог дутагдал бий. Тэгэхээр 50 ширхэг сагсан бөмбөгийн талбайны хэрэг байна уу? Сагсны талбайг дахин тооцоолж, нэгтгэх саналтай байна.
 

НИТХ-ын Тэргүүлэгч С.Эрдэнэтуул:
Энэ дэд хөтөлбөр дээр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж буй үйл ажиллагааны талаар тусгаагүй байна. Тиймээс хамтарч ажиллах заалт тусгахыг хүсч байна.
 

НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун:
Спорт хороод, залыг төрийн байгууллагын албан хаагчдын тэмцээн уралдаан хийх чиглэлээр ажиглаад байна. Харин иргэд орж, тоглох, үйлчлүүлэхээртөлбөр авдаг. Спорт залыг иргэд рүү чиглэсэн болгох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй үйлчлэх цаг гаргаж өгөх шаардлагатай
 

НИТХ-ын Тэргүүлэгч П.Баярхүү:  
Улаанбаатар хот яагаад дөрвөн улирлын турш ажилладаг мөсөн гулгуурын талбайтай байж болдоггүй юм. Яагаад манай хот зуны улиралд усан парктай байж болохгүй гэж. Үүний суурийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг түншлэлийн зарчмаар шийдэж болно. Тэгж чадвал энэ нь өөрийгөө санхүүжүүлээд явах боломжтой салбар юм гэснээр Тэргүүлэгчдийн саналыг нэмж тусгахаар болж дэд хөтөлбөрийг баталлаа.
 


Тогтоол хүчингүй болгох тухай асуудлыг хойшлуулав

НЗДТГ-ын хэрэгжүүлж буй "Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл" болон "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл"-ийн төслийн удирдах хороог Сангийн сайдын 2015 оны 196-р тушаалын хавсралтаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх  төсөл" арга хэмжээг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын холбогдох зүйлд заасны дагуу шинэчлэн баталж, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлага үүсээд байна. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 06-р сарын 26-ны өдрийн 107, 2017 оны 01-р сарын 12-ны өдрийн 18-р дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох шаардлагатай байсан юм. Харин асуудал танилцуулсны дараа Тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг дарга ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй,  хуралдаанд холбогдох хүмүүс ирээгүй байгаа тул "эзэн"-гүй асуудлыг дахин зөвшилцөөд дараагийн хурлаар оруулахаар шийдвэрлэв.
 

Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасав
 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 02-р сарын 07-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, Багачууд-хүнс ОНӨӨТҮГ-ын балансад бүртгэлтэй барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч хүлэмж, ногооны чиглэлээр ашиглаж ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн засаг даргад даалгав.

Мөн БЗД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй 2 давхар конторын барилгыг "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ-т балансаас балансад шилжүүлэхийг  зөвшөөрлөө.

Тэргүүлэгчдийн хуралдааны төгсгөлд НИТХ-ын ээлжит 16-р хуралдааныг  2018 оны 06-р сарын 28-ны өдрийн 09:00 цагт хуралдуулж 3 асуудал хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

НИТХ-ын ХМОНХТ