Улаанбаатар хотод баригдаж буй барилгын тоо нэмэгдэж байгаа хэдий ч барилгатай холбоотой үйлдвэрлэлийн осол ихээр гарах болсон. Энэ он гарснаас хойш барилгаас үүдэлтэй ослын улмаас  дөрвөн хүн амь насаа алдсан юм. 

Үүнээс харахад барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, техник, тоног төхөөрөмжийг ашиглахдаа холбогдох дүрэм журам, заавар, стандартын дагуу хийж хэрэгжүүлээгүй, нөгөө талаас зарим ажилтнууд нь аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг мөрдөж хэвшээгүйгээс үүдэн гарчээ.

Тиймээс МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхийн тушаалаар Дэд бүтцийн болон байгаль орчин, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулан барилгын компаниудыг шалгаж эхэлсэн аж.

Тус ажлын хэсгийг МХЕГ-ын ХНХХХ-ийн дарга Б.Буяннэмэх удирдан ажиллажээ. Уг шалгалтанд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд шинээр баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилга байгууламжийн ажлын явц байдал, барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хамруулах юм.  

Шалгалтын эхний өдөр Шангрилла Улаанбаатар ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа “Шангри-ла” зочид буудлын нэг ба хоёрдугаар ээлжийн барилга байгууламжид хяналт шалгалт хийгдсэн байна. Цаашид бусад байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлнэ.

Хяналт шалгалтын явцад тухайн барилгын компанийн ажилчдад зөвлөн туслах үйлчилгээ, сургалтыг газар дээр нь зохион байгуулах гэнэ. Сургалтыг  БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ба эрүүл ахуйн агентлагаас  МХЕГ-т бэлэглэсэн иж бүрэн тоноглогдсон автобусыг түшиглэн явуулахаар болсон хэмээн МХЕГ-аас мэдээлж байна.

Х.Даваа