"Хариуцлагагүй нийгэмд амьдруулсанд УУЧИЛЖ, ӨРШӨӨ"
2018/07/02
Сэтгэл сэртхийлгэм, зүрх зүсэм хэрэг сүүлийн өдрүүдэд шил дараалан гарч, олон нийтийг цочроохын сацуу та бидэнд сануулга, сургамж өгч байна. Гарч буй хэргийн хохирогчид нь хүүхэд болоод буй. Иймд өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 29-нд олон нийт Тусгаар тогтнолын талбайд цуглаж, цаг бусаар амиа алдсан хүүхдүүдэд зул өргөж, эмгэнэл илэрхийллээ.
"Тогтой утсыг хаалган дээр тохоогүй байсан бол тэр минь шинэ унадаг дугуйгаа унаад баярлан хөөрч гүйх л байсан", "Хөлбөмбөгийн талбайн бэхэлгээ найдвартай, аюулгуй байсан бол тэр минь аавынхаа авчирч өгсөн хөлбөмбөгийн шинэ хувцсаар гангарч тоглох л байсан" гэж ээж, аав нь хүүхдээ дурсан харуусч байна. Тэдний нэгэн адил иргэд ч мөн эмгэнэл илэрхийлж, байр сууриа илэрхийлэв. Нэгэн иргэн олон нийтийн сүлжээнд ийн бичжээ.
Тэрбээр "Хариуцлагагүй нийгэмд амьдруулсанд уучилж өршөө. Бидний үр хойч болсон бяцхан үрс өдөр бур хорвоогийн мөнх бусыг үзэж байгаад туйлын харамсалтай байна. Үр хүүхдээ алдсан эцэг эхийн сэтгэлийн зовлонг бодоход л өр минь өвдөж, сэтгэл минь гуниглаж сууна" хэмээжээ.
Түүнчлэн олон эцэг эх харуусч, мөн айдас дунд амьдарч байна. Хөлбөмбөг тоглох гээд, эмийн сан орох гээд явсан хүүхэд амь насаа алдаж буй нь аюултай, амьд явах баталгаагүй нийгэмд амьдарч байгааг дахин дахин бататгаж байна. Харуусал дагуулж, сургамж өгсөн энэхүү харамсалтай олон хэргийн талаар өнөөдөр шуугиж, маргааш дамжигдаж, нөгөөдөр мартах вий. Хэдий болтол мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг байх вэ, хүүхдүүдээ хэдий болтол золиослох вэ, өнөөдөр нэг нь мартаж байхад өөр нэгэн өдөр нөгөөх нь уйлах энэ л эмгэнэлт явдлыг харсаар суух уу.
Сургуулийн орчимд өнгөрсөн онд 14 мянга гаруй хүүхэд бэртжээ
Сүулийн хоёр жилд гэр болон сургуулийнхаа орчимд осолд өртсөн хүүхдүүдийн талаарх мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дэлгэлээ. Тодруулбал, улсын хэмжээнд осол гэмтлийн шалтгаанаар тусламж авч буй 6-18 насны арван хүүхэд тутмын дөрөв нь гудамж, замд, гурав нь гэртээ, 30 гаруй хувь нь сургууль дээрээ болон биеийн тамирынхаа талбайд гэмтэж байна. Тухайлбал, 2016 онд 6-18 насны 19 мянга гаруй хүүхэд сургуулийн орчимд гэмтсэн бол өнгөрсөн онд 14 мянга гаруй хүүхэд бэртжээ. Уг нь хүүхдийн хувьд хамгийн аюулгүй байх орчны нэгдүгээрт, өөрийнх нь амьдарч буй гэр, хоёрдугаарт сургууль юм. Гэтэл хамгийн аюулгүй байх ёстой сургуулийн орчимд хүүхэд гэмтэж бэртэж буйн шалтгаан юу вэ. Энэ л асуултад олон нийт хариулт нэхэж сууна. Мэдээж юуны түрүүнд энэ асуудал боловсролын салбартай, улмаар сургууль, цэцэрлэгийн удирдлага болон холбогдох хүмүүс, цаашлаад эцэг эхийн хариулагагүй байдалтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар орчны аюулгүй байдлыг хангадаггүй, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаггүйтэй холбоотой юм.
Сануулсаар байхад дахиад л...
Хан-Уул дүүргийн XI хороонд Туул голын усанд 10 настай хүүхэд живж, цогцсыг нь Яармагийн гүүрний орчмоос олжээ. Иймд иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна. Ийн анхаарал болгоомжтой байхыг сануулсаар байтал дахиад нэгэн хэрэг гарч, азаар хүүхдийг эсэн мэнд аварчээ. Амралт, зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлынхан моторт завиар 24 цаг эргүүл хийж эхэлжээ. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид Баянзүрх дүүргийн хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд завиар өдөр бүр эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна. Аврагчид завьт эргүүлээр явж байхдаа бага насны хүүхэд голын усанд урсч байсныг аварч, эсэн мэнд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал болгоомжоо дээшлүүлэхийг албаныхан сануулсаар байна.
Амралт зугаалгын улирал эхэлж, хот хөдөөгийнхөн гол, нуур бараадаж, бага насны хүүхдүүд усанд осолдох тохиолдол сүүлийн өдрүүдэд хэд хэдэн удаа гарлаа. Тодруулбал, өнгөрсөн сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум Харгантын голд гурав, дөрвөн настай хоёр хүүхэд живж амиа алджээ. Тэдний цогцсыг нутгийн иргэд гаргаж авсан байна. Түүнчлэн Ховд аймгийн Алтай сум "Шар хөтөл" гэдэг газар дөрвөн настай хүүхэд Мангиртын голд унаж нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Иймд эцэг эхчүүд гол усны аюулаас хүүхдээ хамгаалж, байнгын хараа хяналтдаа байлгахыг холбогдох албаныхан анхааруулж буйг дуулгая.
Хариуцлага алдсан түрээслэгч, түрээслүүлэгчид ямар хариулага тооцох бол
Нийслэлийн Баянзүрх дүүргийн VII хороо, XI хорооллын байрны дунд байрлах "Дэлгэр төв"-ийн "Эко шинэс" эмийн сангийн үүдэнд амиа алдсан есөн настай хүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлжээ. Цагдаагийн газар хүүгийн үхлийн шалтгааныг тодруулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн эсэхийг тогтоохоор Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байна. Хүүгийн задлан шинжилгээний хариу 21-30 хоногийн дотор гарах аж.
Хэргийн эцсийн дүгнэлт одоогоор гараагүй ч урьдчилсан байдлаар аж ахуйн нэгж дотоод болон гадаад орчин дахь хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаагүйг тогтоожээ. Аюулгүй ажиллагааг хангаагүй, хариуцлага алдсан тус эмийн санг түрээслэгч болон түрээслүүлэгчид ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тэд гаднах хаалганд цахилгаан цэнэг үүссэн байсныг мэдсэн ч цаг тухайд нь янзлуулаагүйгээс есөн настай хүү амиа алдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Эрүугийн хуулийн 10.6 дугаар зүйл ангиар хэрэг нээн шалгаж байна. Хариуцлага хүлээлгэх асуудлын тухайд прокурор бүрдүүлсэн нотлох баримтдаа үндэслэн хэргийг зүйлчилнэ. Эмийн сангийн түрээслэгчийн буруу юу, турээслүүлэгчийн хариуцлагын асуудал уу гэдэг нь шалгалтын явцад тодорхой болно. Энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг зөвхөн прокурорын зөвшөөрлийн дагуу өгнө" гэсэн юм. Тэгвэл Эрүүгийн хуулийн 10.6-д хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох хэсэгт "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүулээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо 40 хувиар өсчээ
Хүүхэд усанд живэх, тогонд цохиулах, түлэгдэх, унаж бэртэх тохиолдол цөөнгүй гарч байна. Сэтгэл түгшим тоо баримт дурдъя. Тодруулбал, өнгөрсөн онд 1692 гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирчээ. Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо энэ онд өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өсчээ. Өнгөрсөн жил золгүй байдлаар 127 хүүхэд нас барсны 55 нь зам тээврийн осолд өртсөн байна. Энэ нь зам тээврийн ослын золиос мөн л хүүхдүүд болж байгааг илтгэж байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвших нь зүйтэй юм. Учир нь, зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь хамгаалалтын бүс хэрэглээгүй байдаг аж.
Үүнээс гадна сүүлийн жилүүдэд өсвөр насныхан амиа хорлох, хүчирхийлэлд өртөх тохиолдол цөөнгүй гарах болсон нь харамсалтай. Энэ нь мөн л томчуудын хариуцлага, хайхрамжгүй байдалтай холбоотойг судалгаагаар тогтоосон байдаг. Суүлийн дөрвөн жилд амиа хорлох тохиолдол 200 орчим гарсан бол 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ.
Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийг уриаллаа
Эцэг эх, асран хамгаалагч, томчуудын хайхрамжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас хүүхэд усанд живэх, тогонд цохиулах, түлэгдэх, унаж бэртэх зэрэг эрсдэлд өртөж, өнгөрсөн өдрүүдэд зургаан хүүхэд энджээ. Иймд байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан хараа хяналт, анхаарал халамжаа сайжруулан болзошгүй эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа. Тодруулбал, хүүхдийг хараа хяналтгүйгээр гэр, орон байр, тоглоомын талбай, хээр гадаа орхихгүй байх, орчин тойрноо шалгаж, хүүхэд тогонд цохиулах, түлэгдэх, мэсэнд өртөх, унаж бэртэхээс сэргийлэх арга хэмжээ авах, байгууллага, аж ахуйн нэгж орчин тойрондоо үзлэг хийж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдийг гол, мөрний усанд тоглуулахгүй байх, үер, усны аюулаас сэргийлэх, автомашинд зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвшихийг уриаллаа. Мөн унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөж уралдуулах, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөл бүрдүүлэх, ухсан нүх, шуудуу, траншей болон замын эвдрэлийг таглаж битүүлэх, хүүхэд эрсдэлд өртөж болзошгүй аливаа зүйлийг илрүүлж, сэрэмжлүүлэхийг анхааруулсан байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн