Гаалийн байгууллагын 2013 онд ирлүүлсэн зөрчлийн тойм
2014/01/24
Гаалийн байгууллага хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаандаа эрсдлийн удирдлагыг нэвтрүүлж, гадаад худалдаа эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, үйлчилгээний хөнгөн шуурхай, соёлч байдлыг хэвшүүлэн, гадаад худалдааг хөнгөвчлөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Хэдийгээр гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж байгууллагуудад өндөр итгэл хүлээлгэж, гадаад худалдааг дэмжин ажиллаж байгаа боловч гаалийн хууль тогтоомжийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчих үйлдэл буурахгүй байна.
Гаалийн байгууллага 2013 онд нийт 3020 захиргааны зөрчил, 117 эрүүгийн шинжтэй зөрчлийг илрүүлэн харъяалах хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Тухайлбал :
Гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил 773-ыг илрүүлэн, 1,2 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 506,0 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авсан байна.
Гаалийн харилцаанд оролцогчид Гаалийн хууль тогтоомжийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчиж буй байдлыг шинжэхэд дараах 3 төрлийн зөрчлүүд нийтлэг үйлдэгдэж байна. Үүнд:
1. Гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс зайлсхийх зөрчил нийт зөрчлийн - 34,6%
2. Гаалийн байгууллагаас тогтоосон Бараа мэдүүлэх журам зөрчсөн үйлдэл нийт зөрчлийн-28,5%
3. Эд зүйлийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдэл нийт зөрчлийн - 15 % орчим хувийг эзлэж байна.
Дээрх 3 төрлийн зөрчил нь нийт зөрчлийн 78,1% орчим хувийг эзлэж байгаа тул Гаалийн байгууллагаас онцгойлон анхаарч, таслан зогсоох урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна.
Зөрчлийн байдалд дүн шинжилгээ хийж үзвэл гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нь :
- гаалийн хилээр нэвтрүүлж буй бараагаа Гаалийн байгууллагад зохих ёсоор мэдүүлдэггүй,
- эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор нуун далдлах,
- тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглах,
- их хэмжээний татвараас зайлсхийх,
- гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх зэрэг үйлдлүүд давамгайлж, энэ нь гаалийн
харилцаанд оролцогчид гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын бусад хууль тогтоомжийг ямар нэг байдлаар дагаж
мөрдөхгүй байгаагаас үүдэлтэй байна.
Гадаад худалдаанд оролцогчид гаалийн харилцаанд оролцохдоо хууль тогтоомжийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчих нь тухайн байгууллагатай холбоотой зөрчлийн болон эрсдлийн мэдээллийн санг үүсгэж байдаг тул та бүхэн хууль тогтоомжоо мөрдөн, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлж байхыг Гаалийн байгууллагаас анхааруулж байна.