Оюутолгойн гэрээний зарим заалтыг өөрчилж, зэс хайлуулах үйлдвэр барихыг хөрөнгө оруулагч хариуцахаар заах нь зүйтэй

УИХ-аас Оюу толгойн уурхайн асуудлаар ажлын хэсэг ажиллуулж байгаатай холбогдуулан "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Хувь нийлүүлэгчдийн гэрээ" (нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон), "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө" гэсэн гурван баримт бичигт эдийн засагч судлаачийн хувьд зайлшгүй өөрчлөх, анхаарах шаардлагатай гэж үзсэн асуудлаар өөрийн саналаа дор илэрхийлж байна.

Нэг. Хөрөнгө оруулалтын гэрээ

1.1 Гэрээний 1.3-д "Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих бүх татварыг тогтворжуулах"-аар заасан нь Монгол Улсын "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн 14.1 ба 16.2.1 заалтыг зөрчиж, уг хуульд заасан дөрвөн нэрийн татварыг 16 жил хүртэл хугацаагаар тогтворжуулж болох байтал гэрээнд бүх татварыг 30 жил+20 жил+20 жил нийт 70 жил тогтворжуулах, энэ нь Оюутолгойн уурхай Монгол Улсын доторх тусгай хуультай улс (компани) юм шиг байхаар байгааг өөрчлөх. Үүний тулд:

1.1.1 Гэрээний 1.3-д бүх татварыг 30 жил + 20 жил + 20 жил тогтворжуулахаар заасныг хасах.

1.1.2 Гэрээний 2.1 заалтаас 2.1.4; 2.1.6 ба 2.1.7-г хасах. "Энэ нь онцгой албан татвар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар"-ыг тогтворжуулах талаар Хөрөнгө оруулалтын хуульд заагаагүй атал гэрээнд тогтворжуулахаар заасан нь хууль зөрчиж байна. Эдгээр татвар нь хяналтын агуулгатай, хэмжээ бага бөгөөд бусдад сөрөг нөлөө, буруу үлгэр болох тул энэ заалтыг цаашид үйлчлэхгүй болгох нь чухал. Гэхдээ

2.1 заалтад "29 дүгээр зүйлийн 29.1.1" гэсний дараа "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн14.1 ба 16.2.1" гэж нэмж оруулах, мөн "дараах татваруудыг" гэсний дараа "16 (арван зургаан) жилийн хугацаагаар" (тогтворжуулна) гэж нэмж оруулах.

1.1.3 Гэрээний 2.7-д хувь хэмжээг нь тогтворжуулсан бүх татварын талаарх заалт нь хууль зөрчиж байгааг хөрөнгө оруулагчтай сайтар ярилцаж, хэрэв тэдний хувьд зарчмын чухал заалт гэвэл уг заалтыг хугацаатай болгох, ялангуяа гэрээний эхний хугацаа дуусахад татварын тогтворжуулалтын талаарх бүх заалт цаашид үйлчлэхгүй байхаар тохирох.

1.2 Гэрээний 1.5 ба 1.1.1;

3.2 болон 3.5 дахь заалтад тусгай зөвшөөрөл бүхий талбайн гадаргуу болон хэвлийгээс ямар ч ашигт малтмал ялган авах, олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхийг хөрөнгө оруулагчид олгосон нь Оюутолгойн төслийн зэс түүний дагалдах элементийг ашиглах, олборлох гэрээний үндсэн зорилтоос гажиж байгаа тул ямар ч ашигт малтмалыг энэ гэрээний нөхцөлөөр 30жил+20жил+20жил ашиглах, олборлохоор заасныг өөрчлөх. Гэрээнд заасан зэс, алт, мөнгө, молебдин, хүдэр дэх металл эрдсээс бусад ашигт малтмал ашиглах, олборлох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол тухайн үед жич гэрээгээр хөрөнгө оруулалтын энэ гэрээнд хамаарахгүйгээр уг асуудлыг талууд хамтарч шийдэхээр заах. Иймд гэрээний 1.5; 1.1.1; 3.5-дахь заалтад "энэ гэрээний 16.40-д зааснаас бусад ашигт малтмалыг ашиглах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудалд энэхүү хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл үйлчлэхгүй бөгөөд уг асуудлыг талууд тухайн үед жич гэрээгээр хамтран шийдвэрлэнэ" гэсэн нэмэлт оруулах.

1.3 Гэрээний 2.21-д экспортод гаргаж байгаа ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнээс бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөхөөр заасан нь хууль зөрчиж байгаагийн хамт "бусад бүтээгдэхүүн" гэдэг нэрээр Оюутолгойн бүтээгдэхүүнүүд НӨАТ-аас чөлөөлж болохоор байгаа бөгөөд энэ нь уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдэд сөргөөр нөлөөлөх буруу үлгэр болох тул уг 2.21 заалтыг хасах.

1.4 Гэрээний 3.18-д уурхайн хаалтын менежмент, зардлын талаар тодорхой бус бүдэг бөгөөд "30жил+20жил+20жил-7 жил" гэсэн урт хугацааны дараа хаалтын хөтөлбөр гаргах, хаалтын зардлыг эскроу дансанд түр байршуулахаар заасан нь олон жил ашиглах ийм том уурхайн хаалтын менежмент, уурхай хаах хөрөнгийн бодитой эх үүсвэрийг шийдэж чадаагүй байна. Иймд уурхайн хаалтад зориулсан санг компанийн ашгаас талуудад ногдол ашиг хуваахаас урьд байгуулж, хөрөнгийг нь эскроу дансанд байршуулах журам тогтоохоор гэрээний 3.18 заалтыг өөрчлөх нь зүйтэй гэж үзнэ. Гэрээнд зааснаар уг зардлыг хөрөнгө оруулагчийн татвар ногдох орлогоос хасах нь уурхайн хаалтын зардлыг монголын талд хариуцуулж байгаа тул талууд өөрийн эзэмшдэг хувьцааны хэмжээгээр хаалтын зардлыг хариуцдаг болох нь зүйтэй болно.

1.5 Гэрээний 3.19-д хөрөнгө оруулагч нь Зэс хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад барих, ажиллуулах асуудлаар зөвхөн судалгааны тайлан боловсруулахаар заагаад чухал үйлдвэр байгуулах үүргийг хөрөнгө оруулагчид эцэслэн хүлээлгээгүй, Монгол Улс дангаараа бусадтай хамтарч эсвэл гуравдагч этгээд уг үйлдвэрийг барих юм шиг бичээд асуудлыг шийдвэрлээгүй, хөрөнгө оруулагчтай үүргийн биелэлт ярих боломжгүй болгосон байна. Иймд гэрээний 3.19; 3.20; 3.21; 3.23 дахь заалтыг өөрчилж, зэс хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад барих асуудлыг хөрөнгө оруулагч хариуцахаар заах нь зүйтэй гэж үзнэ.

1.6 Гэрээний 7.3-д Цахилгаан станц барих асуудлыг мөн л шийдээгүй байгааг тодруулан хөрөнгө оруулагчийн үүрэг болгон заах,

1.7 Гэрээний 7.19.4-д Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд (30жил+20жил+20жил) хөрөнгө оруулагч түүний хамааралтай этгээд, гэрээт гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчид зам ашигласны бүх төлбөрөөс чөлөөлөхөөр заасан нь ийм олон жилийн хугацаанд хамаарал бүхий этгээд, гэрээт гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч гэх нэрийн дор аливаа этгээд, хяналтад байдаг, шууд ба шууд бусаар хамтрагч, үйл ажиллагаанд оролцогч, үйлчилгээ үзүүлэгч, ханган нийлүүлэлтэд оролцогч зэрэг олон нэрээр аливаа компани, хувь хүн замыг үнэгүй ашиглах нь амьдралд болон замын ашиглах хугацаатай нийцэхгүй байгаа тул энэ 7.19.4 заалтад зөвхөн хөрөнгө оруулагч гэрээний эхний хугацаа дуусах хугацаанд (гэрээнд зааснаар 30 жил) зам ашигласны төлбөр төлөхгүй байхаар өөрчлөн заах.

1.8 Гэрээний 7.19.5-д авто зам нь олон улсын чанартай учраас хөрөнгө оруулагч нь хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн нь "зам"-ыг муу, стандарт бус аваар ослын нөхцөлтэйгөөр барьсан байсан ч зам муугаас болж гадаад, дотоодын тээвэрлэгчид, үйлчлүүлэгчид хохиролд орсон ч зам барьсан этгээд хариуцлага хүлээхгүй байхаар болжээ. Иймд гэрээний 7.19.5 заалтыг юуны урьд замыг олон улсын стандартын шаардлага хангасан байхаар барьж байгуулахыг заах, уг зам дээр өөрсдийн буруугаас гарсан аливаа осол аваар, замыг зүй бусаар ашигласантай холбоотой хохирол төлбөрийг хөрөнгө оруулагч хариуцахгүй гэж тодруулан заах,

1.9 Оюутолгой компани нь бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулан ихээхэн орлого олдог боловч уг орлого, түүний гүйлгээ тэр бүр Монголын банкаар дамждаггүй, бүрэн тооцдог эсэх нь тодорхойгүй, экспортолсон бүтээгдэхүүний биет хэмжээ, орлого бүрэн эсэхэд Монголын байгууллагууд, олон нийт, иргэд мэдээлэл хомс болохоор итгэл үнэмшилгүй хардах, сэтгэл зовох байдал их байгааг цаашид арилгах зайлшгүй шаардлага байна. Монголчуудад гадаадын хөрөнгө оруулагчийн, Оюутолгой компанийн борлуулалтын орлогыг хураах, хязгаарлах, тэдний орлогоо эзэмших эрхийг нь зөрчих, багасгах, хасах, хаах, оролдлого байхгүй зөвхөн бүтээгдэхүүний борлуулалтын орлого нь бүрэн бүртгэгдэж, Оюутолгой компанид бүрэн ордог, данс тайланд тусгадаг байх, Оюутолгой компанийн орлого, өртөг зардал ил тод байх, зардлаас илүү орлогоо зохих журам, хууль, бүртгэл тооцооны дагуу гадаад, дотоодод чөлөөтэй эзэмших, зарцуулахыг хэзээ ч хориглоогүй, хязгаарлахгүй, зөвхөн ил тод, бүртгэл тооцоонд хамрагдаж, орлого, өртөг зардал, ашиг, ногдол ашиг бүрэн тооцоотой байхыг л хүсээд байгааг гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгуулах нь чухал. Үүнтэй холбогдуулан гэрээний 9.10-д заасан хөрөнгө оруулагчийн хөрөнгө, валют, бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг эзэмших, зарцуулах, төлбөр тооцоо хийхтэй холбогдсон заалтуудыг тодруулан өөрчлөх нь зүйтэй. Тухайлбал, Оюутолгой ХХК нь бүтээгдэхүүнээ гадаадад ачуулах, хилийн боомтоор бүтээгдэхүүн гарах үед заавал аккредитив нээсэн эсвэл Оюутолгой ХХК-ийн дансанд мөнгө нь орсон байх, тэр нь Оюутолгой компанийн болон Монголын экспортын орлого болон бүртгэгдэж байдаг болох шаардлагатай гэж үзнэ. Ийм аккредитив нээгээгүй эсвэл үнийг нь төлөөгүй бүтээгдэхүүнийг хилээр гаргахгүй байхаар журамлавал зохино. Энэ нөхцөлд Оюутолгой компанийн экспортын бүтээгдэхүүний биет хэмжээ, орлого бүрэн бүртгэгдэж, ил тод байх нөхцөл бүрдэх болно. Гэрээний 9.10.2 болон 9.10.3-д гадаад улсад хөрөнгө чөлөөтэй зарцуулах, гадаадад олсон орлогоо гадаад улсад хадгалах, чөлөөтэй зарцуулах гэх зэргээр тодорхой бус, бүх хөрөнгө, орлогод хамааруулсан заалтыг өөрчилж, Оюу толгой компани нь өөрт үлдэх ашгаа чөлөөтэй гадаадад гуйвуулах, зарцуулах, байршуулах эрхтэй байх заалт болгох. Мөн гэрээний 9.10.1-д "...шаардлагатай гэж үзвэл гадаад валютыг төгрөгт шилжүүлэх" гэсэн нь Монгол Улсын нутагт гарах бүх зардлаа Монголын үндэсний валют төгрөгөөр тооцох, зарцуулах, тайлан тэнцэл, бүртгэл тооцоонд тусгах талаарх Монгол Улсын хуулийн заалтыг зөрчиж байгааг өөрчлөн найруулах,

1.10 Гэрээний 3.1 ба 15.11-д гэрээний эхний хугацааг тогтоох цаашид сунгах талаар тогтоосон журмыг өөрчлөх шаардлагатай байна. Энэхүү гэрээгээр тогтоосон анхны хөрөнгө оруулалтыг урамшуулсан, татвар төлбөрөөс эхний үед чөлөөлсөн, эсвэл тогтворжуулсан, тааламжтай нөхцөл тогтоосон журмуудыг цаашид "30+20+20=70 жил" хэвээр нь мөрдөх, Оюутолгой компани нь улсын доторх улс (компани) болж өөрийн хуультай ажиллахаар журмууд тохирсныг өөрчлөх нь зүйтэй байна. Гэрээний хугацааг сунгахдаа анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний (ТЭЗҮ-ээр бол .... жил) дараа (гэрээнд зааснаар 30 жил 2 гаруй дахин нөхнө) талууд аль болох ижил нөхцөлд, гэхдээ Монголын төр (ТӨК) орд газрын эзний хувьд илүү нөхцөл эдлэхээр (Айвенхоу хөрөнгө оруулалтаа 2 гаруй дахин нөхсөн тул) зохих журам тохирох нь чухал. Гэрээний 15.11-д гэрээний хугацаа сунгахын тулд "хангах нөхцөлүүд" гэж заасан зүйлс учир дутагдалтай, гэрээний эхний 30 жилийн хугацаа хэт удаан, хөрөнгө оруулалтаа нөхөөд зохих хэмжээний цэвэр ашиг олсны дараа гэрээний эхний хугацаа дуусахаар тогтоож чадаагүй байна. Хэрэв гэрээний эхний хугацааг 30 жилээр тогтоох нь хөрөнгө оруулагчийн хувьд маш чухал, гэрээ байгуулсан гол зарчмын асуудлын нэг гэж зүтгэх бол гэрээний эхний хугацаа дууссаны дараа энэхүү гэрээний дараах заалт үйлчлэхгүй болох заалт гэрээнд нэмж оруулах:

1.10.1 Гэрээний 1.3; 2.1; 2.2; 2.3; 2.4; 2.5; 2.6; 2.7; 2.8; 2.9; 2.10; 2.11; 2.12; 2.13; 2.16; 2.18; 2.20; 2.21; 2.22; 2.29; 2.30; 2.32 дахь заалт (татвар тогтворжуулалттай холбогдсон бүх заалт)

1.10.2 Тухайн үеийн хууль, хэмжээний дагуу мөрдөх нь зүйтэй тул доорх заалтыг өөрчлөх, хасах.

a. Гэрээний 3.13 дахь заалт (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)

b. Гэрээний 5.6 дахь заалт (татвар ногдох орлогоос газар ашигласны төлбөр хасах)

c. Гэрээний 6.14 дэх заалт (усны төлбөрийг татвар ногдох орлогоос хасах)

б.     Гэрээний 7.8 дах заалт (эрчим хүчний зориулалтаар ашиглах газрын төлбөр, хураамжийг татвар төлөх орлогоос хасах)

е.     Гэрээний 7.19.2 дэх заалт (авто зам барих зардлыг татвар ногдох орлогоос хасах)

1.10.3 Гэрээний эхний хугацаа дуусах үед гэрээнд дараах нэмэлт оруулахаар заах.

а. Гэрээний 1.6-д Төрийн эзэмших энгийн хувьцаа 34 хувь гэдгийг талууд 50:50 гэсэн харьцаагаар хувьцаа эзэмшдэг болох, үүний тул компанийн нийт хувьцааны 16 хувийг хөрөнгө оруулагч (Айвенхоу) нь Монголын төрд үнэ төлбөргүй болзолгүйгээр шилжүүлэн өгөхөөр заах. (Энэ нь Айвенхоу оруулсан хөрөнгө оруулалтаа энэхүү 30 жилд 2 гаруй дахин нөхөн олсонтой холбоотой)

b. Гэрээний наймдугаар бүлэгт заасан Оюутолгой компанийн нийт ажиллагсдын 95-аас доошгүй хувь нь монгол ажилчид, инженер, техникчид байхаар заах.

Хоёр. Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт өөрчлөлт оруулсан)

2.1 Гэрээний 5.8 ба 5.10-ын "б"-д ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг дийлэнх олонхын саналаар гаргахаар заасан нь дэндүү шударга бус, Монголын төрийн (ТӨК) оролцоог үгүйсгэсэн, тэд эсрэг саналтай байсан ч Айвенхоугийн хувь нийлүүлэгчид түүний томилсон ТУЗ-ийн гишүүд (тэд олонх учраас) бүх шийдвэрийг гаргах боломжтой журам болжээ. Иймээс өнөөгийн байдлаар Монголын төр (ТӨК), Монголын талаас томилсон ТУЗ-ийн гишуүдийн үйл ажиллагааны талаар Монголын байгууллагууд, олон нийт, иргэд шүүмжлэлтэй, Оюу толгойн гэрээ Монголд ашиггүй, Монголын хойч үед их өр үлдээгээд ногдол ашиг ч авч чадахгүй нөхцөл тохирсон гэдэг яриа хэл, гомдол, шүүмж туйлын их болоод байгаагийн нэг нь шийдвэр гаргах дээр дурдсан шударга бус журамтай холбоотой. Иймд хувь нийлуүлэгчид, ТУЗ-ийн хурлын шийдвэрийг дийлэнх олонхын саналаар гаргах боловч уг шийдвэрийг Айвенхоу ба ТӨК-ийн тус бүр нэг нэг төлөөлөл зөвшөөрсен нөхцөлд гаргах, ийм төлөөлөл зөвшөөрөөгүй шийдвэр хүчингүй байх талаар дээрх заалтад нэмэлт оруулах,

2.2 Гэрээний 7.2-ын а, б заалтад менежментийн багийг Айвенхоу нь нэг буюу түүнээс дээш хамаарал бүхий компанийг дангаар нь эсвэл бүлэг болгон авч ажиллуулах журам тогтоосон нь бас л шударга бус Монголын төр (ТӨК) 34 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд Оюутолгой компанийн үндсэн үйл ажиллагаанд ямар ч оролцоогүй, тийм эрхгүй, компанийн өдөр тутмын бүх асуудлыг зөвхөн Айвенхоу шийдэхээр өрөөсгөл, нэг талын сонирхлыг хэт хамгаалсан журам тогтоосон байна. Иймд менежментийн багийг Айвенхоу болон ТӨК-ийн төлөөлөл тохиролцон томилдог байхаар уг заалтыг өөрчлөх.

2.3 Гэрээний 7.4-д менежментийн Багийн үйлчилгээний төлбөрийг Үндсэн хөрөнгийн зардал болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгээс бодохоор заасан нь маш буруу, менежментийн баг нь үйл ажиллагааны зардлыг аль болох өсгөх, тэр хэмжээгээр тэдний орлого нэмэгдэж байх ямар ч логикгүй, эдийн засгийн хөшүүрэггүй журам тогтоосон байна. Менежментийн багийн үйл ажиллагааны чиг үүрэгт (гэрээний 7.3 дахь заалт) хөрөнгө оруулалт, үндсэн хөрөнгийн зардал ямар ч хамааралгүй байхад уг зардлын дүнгээс менежментийн багийн хөлсийг тооцож олгох ямар ч үндэслэлгүй, тэдний хөлсийг илүү ихээр олгох арга болгосныг өөрчлөх шаардлагатай гэж үзнэ. Иймд менежментийн үйлчилгээний төлбөрийг зардлын дүнгээс бус Оюутолгой компанийн орлогоос тооцдог байхаар өөрчлөх. Энэ нь орлогоо өсгөхийн төлөө ажиллах хөшүүрэг болно. Уг заалтад менежментийн багийг өөрчлөх асуудлыг зевхөн Айвенхоу шийдэхээр заасныг Айвенхоу болон ТӨК хамтарч шийдэхээр өөрчлөх,

2.4 Гэрээний 9, 10,11 дэх заалтад "Оюу толгой компанийн санхүүжилт"-ын тухай заахдаа бүтээгдхүүнээ борлуулаад орлого олж, түүгээрээ зардлаа санхүүжүүлдэг аж ахуйн тооцоотой компанийг нийтлэг жишиг зарчмаар бус, хувь нийлуүлэгчдээсээ үйл ажиллагааны зардал шаарддаг (төсвийн байгууллага шиг), тэд нь компанийн зардалд зориулж хувьцаа гаргах, түүнийг санхүүжүүлэх нэрээр хувь нийлүүлэгчид нэг нь нөгөөдөө зээл олгосон нэр зүүж, Монголын талын өрийг компанийн жил бүрийн төсөвт зардлын хэмжээгээр (34 хувь) нэмэгдүүлж байх журам тогтоосон нь эдийн засгийн үндэслэлгүй, Монголын төрийн (ТӨК) өрийг нэмэгдүүлэх арга хэлбэр болгосон журам тогтоосныг үндсээр нь өөрчлөх шаардлагатай гэж үзнэ. Компани нь бүтээгдэхүүнээ борлуулж ихээхэн орлого олж байхад яахаар түүний төсөвт зардлыг нөхөхөд зориулж Айвенхоугийн хувь нийлүүлэгч нь шаардсан мөнгөн хөрөнгийн хэмжээгээр санхүүжилт хийх, ТӨК-ийн эзэмшлийн хувь хэмжээгээр (ТӨК өөрөө санхүүжүүлээгүй бол) түүнд Айвенхоу зээл олгосноор тооцож, зээлийн гэрчилгээ олгох талаарх заалтуудыг өөрчилж, аж ахуйн тооцоот өөрөө орлого олоод, түүнээсээ төсөвт зардлаа санхүүжүүлдэг нийтлэг журмаар ОТ компанийг ажиллуулах нь зүйтэй байна. Үүний тул дээрх 9,10,11 дэх заалтыг үндсээр нь өөрчлөх.

2.5 Компанийн жил бүрийн төсөвт зардлыг санхүүжүүлэх нэрээр ТӨК-д зээл олгосноор (компани нь өөрөө олсон орлоготой атал) тооцож, уг зээлийн дүнг Libor+6,5 хувь гэсэн өндөр хүүгээр нэмэгдүүлэх, түүгээр ч зогсохгүй АНУ-ын хэрэглээний үнийн индексээр бас өсгөн нэмэгдүүлж хүүнээс хүү бодон өсгөж байх журам энэ гэрээгээр тогтоосон нь орлогоороо зардлаа нөхөж аж ахуйн тооцоогоор үйл ажиллагаа явуулах ёстой Оюутолгой шиг баялаг ордод ажиллаж байгаа компанийн хувьд ямар ч эдийн засгийн үндэслэлгүй, "уг компаний зардлыг яаж өсгөх, Монголын төр (ТӨК)-ийн өрийг ямар аргаар нэмэгдүүлэх вэ" гэсэн арга сүвэгчилсэн журам болсон байна гэж үзэж хардахаар болжээ. Тухайн жилийн төсвөөр Монголын нутаг дэвсгэрт төгрөгөөр (үндэсний валютаар) гарч буй зардлыг АНУ-ын хотуудын үнийн дундаж индексээр өсгөн нэмэгдүүлэх нь ямар ч үндэслэлгүй, жил бүрийн төсвийн зардалдаа Оюутолгой компани нь хувь нийлүүлэгчдээс хөрөнгө шаардах ямарч хэрэгцээ байхгүй байхад ийнхүү журам тогтоосныг нэн даруй өөрчилбөл зохино. Тэрчлэн зээлийн хүү гэгчийг Libor+6.50 хувь ба 9.9 хувь гэсэн нь маш өндөр хүү бөгөөд Монголын өрийг ингэж тооцоход туйлын ихээр өснө. Иймд 6.5 хувийг багасгах, АНУ-ын индексээр зээлийн өрийг өсгөн нэмэгдүүлэх заалтыг хасах.

 

Үргэлжлэл бий.

Э.Бямбажав  (Гавьяат эдийн засагч, судлаач, профессор)