Монгол улсын гаалийн байгууллагын 18 газар хороонд  1112 байцаагч ажилладаг байна.  Тэдгээрээс өнгөрсөн жилд цөөнгүй нь арга хэмжээ авахуулжээ.

Энэ талаар Гаалийн ерөнхий газрын  Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Даваасүрэнгээс тодрууллаа.  

- Өнгөрсөн онд хичнээн байцаагчид  сахилгын арга хэмжээ авсан бэ?

- 2013 онд нийт 74 байцаагчид сахилгын шийтгэл оногдуулсан байдаг юм. Үүнээс 13-ыг нь ажлаас халсан байгаа.  Харин  үлдсэн хүмүүст нь сануулах, зэрэг дэв буулгах, түтгэлзүүлэх зэрэг арга хэмжээг авсан байдаг.

- Гаргасан алдаа зөрчлийг тодруулбал?

- Газар хороон дээрээ урьд нь архи аваад  сахилгын  шийтгэлтэй байх хугацаандаа дахин ажлын байран дээр архи уусан хүнийг Сахилгын хороо хэлэлцээд  ажлаас нь халдаг. Яг энэ жишээгээр  гурван байцаагч ажлаасаа халагдсан. Нөгөө талдаа хяналт шалгалтыг дутуу хийж, ашиг сонирхолд автаж, санаатай болон санамсаргүйгээр улсын хилээр татвартай эсвэл хязгаарласан барааг татваргүйгээр оруулсан байцаагч нар бас байна.

- Аль боомт дээр дээрх арга хэмжээнүүд голчлон авагдаж байна вэ?

-  Манайх нийт 18 газар, хороотой.  Саяны арга хэмжээ бол Сэлэнгийн гаалийн газар дөрвөн улсын байцаагчийг халсан байдаг. Бичигтийн гаалийн газраас хоёр гаалийн байцаагчийг халсан.  Гэхдээ бодоод  үзэхээр харьцангуй л даа.

- Тодруулга өгсөн таньд баярлалаа.

А.Баярмаа