Өнгөрсөн оны намар Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид офицер дэслэгч Н.Баатар нь байлдагч П.Хэнмэдэхийг зодож "зүү залгиулсан" гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан юм.

Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 280 дугаар зүйл буюу "Биедээ гэмтэл учруулах буюу өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх" гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Мөрдөн байцаалтын явцад байлдагч П.Хэнмэдэх нь цэргийн ангиас зайлсхийх зорилгоор зүү залгиж өөрийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон тул түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн аж.

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 27-нд Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүх П.Хэнмэдэхэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Х.Даваа