Сар шинээ угтахаар ахмадууд маань ойрын өдрүүдэд тун ч завгүй байна. Баяр дээр бас дахин баяр гэгчээр Хамтын тэтгэврийн тухай хууль гээч сайхан мэдээ ойрын өдрүүдэд сонсогдох боллоо. Чухам сар шинээс өмнө энэхүү хууль батлагдах уу,  үгүй юм аа гэхэд нааштайгаар шийдэгдэх чимээ сонсогдох нь уу гэдэг сонин.
Тодруулбал С.Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Ганхуяг, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд Хамтын тэтгэврийн сангийн тухай хууль гээчийг санаачилж, өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн боловч МАН-ынхан ихэд дургүйцэж бойкотлоод авав. Уг нь энэхүү хууль иргэд бидэнд их л хэрэгтэй юм билээ. 
Хуулийн санаачлагч С.Эрдэнэ сайд хэлэхдээ “Олон жил хамтдаа амьдарсан ч нэг нь түрүүлж өнгөрдөг нь хорвоогийн жам. Ийм үед ахмад настан сэтгэл санааны хувьд хүнд байдалд орохоос гадна эдийн засгийн хувьд орлого нь хоёр дахин буурч, зарлага нь хэвээрээ хадгалагддаг. 180 мянган төгрөгийн тэтгэвэртэй хоёр ахмад сардаа 360 мянган төгрөгийн орлоготой байсан бол 180 болж буурна гэсэн үг шүү дээ. Хүн амьдарч л байгаа болохоор зарлага хэвээрээ хадгалагдана. Цахилгааны мөнгө, хоол унднаас эхлээд. Гэвч хоёр хүний тэтгэврээр амьдардаг байсан бол ганц хүний тэтгэврээр амьдрах хэрэгтэй болно. Одоогийн хуулиар бол нас барсан өндөр настны тэтгэврийг тухайн үед нь шууд хаадаг. Тиймээс ахмад настныг амьдрах хугацаанд нь ямар нэгэн эрсдэлд оруулахгүй байлгах, ядуурлаас сэргийлэх зорилгоор уг хуулийг санаачилсан” хэмээж байв.

Түүний ярианаас үзэхэд иргэд, тэр тусмаа ахмадуудад маань ихэд хэрэгтэй хууль байгаа биз. Гэтэл МАН-ын гишүүд Монголын эдийн засагт шууд сөргөөр нөлөөлнө, тэтгэвэр, тэтгэмжийн сан хүндэрчихсэн байна гэх зэрэг шалтаг шалтгаан тооцоод учир зүггүй шүүмжилж, загнаад завсарлага авчихав.
Энэ талаар С.Одонтуяа гишүүн арай л өөр, өөдрөг зүйл ярина лээ. Тэрбээр "МАН-ын бүлгийн ярьж байгаа шиг улсын төсөвт ямар нэгэн ачаалал үүсэхгүй. Яагаад гэвэл нас барсан тохиолдолд хамтын тэтгэвэр олгох асуудал яригдана. Нөгөө талаар тухайн хүн тэтгэврийн шимтгэлээ олон жилээр төлөөд явж байсан учраас төсөвт хүндрэл үүсэхгүй. Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэр авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. 76 мянган иргэн хамтын тэтгэвэрт хамрагдах урьдчилсан тооцоо бий" гэсэн юм.
Энэхүү хуулийн тухайд ханиа өнгөрснөөс хойш гэр бүлийн хүн нь хэдэн жил амьдарна, тэр хугацаандаа тэтгэврийг нь үргэлжлүүлэн авах аж. Нас барсан ханийнхаа тэтгэврийг 50, 70 эсвэл 100 хувь авах уу гэдгийг Тэтгэврийн даатгалын сангийн даац, ачааллыг тооцож үзээд УИХ-ын гишүүд шийдвэрээ гаргах юм байна. Одоогийн нөхцөл байдлыг харахад хууль энэ ондоо багтан батлагдвал 100 хувиар олгох боломжтой гэнэ лээ.
Мэдээж энэхүү хуулийн хүрээнд иргэд эрхээ эдлэхийн тулд үүргээ ч биелүүлсэн байх ёстой. Тодруулбал гэр бүл болсоноос хойш арав буюу түүнээс дээш жил нэг гэрт амьдарсан, гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч иргэн байх ёстой, дундаасаа үр хүүхэдтэй гэр бүл байна. Харин хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон ч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бол энэ хуульд хамаарахгүй аж. Мөн эхнэр, нөхөр хоёулаа тэтгэвэрт гартлаа 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх учиртай.
Монгол Улс бол ард түмэн, ард түмэн бол Монгол Улс шүү дээ. Гэтэл ард түмэн, тэр дундаа ахмад буурлуудаа өтлөх насанд нь ядруу, зүдрүү амьдруулчаад Монголын эдийн засаг хүнд байна, даахгүй, дийлэхгүй гэдэг шалтаг тоочоод яах билээ. Ядаж ханиа алдсан ч гэсэн эдийн засгийн хувьд сэтгэл амар байвал аятайхан. Энэ мэт ахмадуудаа баярлуулах шинэ хуулийг УИХ-ын чуулганаар оруулсан боловч МАН-ынханд яагаад ч юм таалагдсангүй.
Юутай ч ахмадын баяраар ахмадуудаа баярлуулж амжих эсэх нь МАН-аас шалтгаалах бололтой.