Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбаттай ярилцлаа.

-2014 оныг Монголын Залуучуудын Холбоо ямар амжилтаар угтаж байна вэ. Хийсэн ажлаа товч дүгнэвэл?

-2013 онд Монголын Залуучуудын холбоо “Оролцъё” уриан дор залуучуудынхаа бүхий л үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ хүрээнд маш олон үйл ажиллагааг зохион байгуулж орон даяар 21 аймгийг тойрч залуучуудынхаа чуулганыг зохион байгуулсан. Үндсэндээ дүгнэж хэлэхэд Монголын залуучуудын байгууллага залуучуудынхаа төлөө ажилладаг, эргээд залуучууд нь залуучуудын байгууллагаа мэддэг, мөн Монгол залуу хүн бүр оролцохын төлөө сэрсэн он байлаа гэж товчхондоо дүгнэж хэлж болно.

-Саяхан МЗХ дэргэдээ Залуу малчдын хороо гэж байгуулсан. Энэ хороо байгуулагдсаны ач холбогдол, хүрэх үр дүнг юу гэж харж байна вэ?

-Бид залуучуудын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд залуучуудын мэргэжлийн хороо байгуулж ажиллаж байгаа. Залуучуудын Спортын хороо, Соёл урлагийн хороо, Эрүүл мэнд Хүмүүнлэгийн хороо гэх мэтчилэн хороод байгуулагдаад үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Энэ хороод бол тухайн тухайн чиглэлээр залуучуудын өмнө тулгамдаад байгаа асуудлаар ажиллаж байгаа. Энэ жил бид 21 аймгаар тойрч аймаг, сумын залуучууд мөн хөдөө баг дээр байгаа малчин залуучуудтай уулзаж ярилцсан. Ингэж байхад энэ залуу малчны асуудал гэдэг өөрөө их эмзэг. Одооноос анхаарахгүй бол малчин удам тасрах гээд байгаа, мөн аймаг сум хотод байгаа залуусын амьдарч байгаа, хөгжиж байгаа, үр хүүхдээ төрүүлж байгаа гээд бүхий л орчин, үйлчилгээ нь маш их зөрүүтэй байгааг харсан. Тийм учраас бид малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө байнга ажиллаж байдаг ийм хороо зайлшгүй хэрэгтэй юм байна гээд Залуу малчдын хороог саяхан байгууллаа. Энэ хороо маань бидний явсан ажлын үр дүн болсон гэж хэлж болно. Энэ хорооноос бид маш их зүйлийг хүлээж байгаа.

Яагаад гэхээр манай залуучуудын дийлэнх нь хөдөө мал маллаж байна. Мал маллах явцад малын хулгай, зуд турхан гээд маш олон бэрхшээл, асуудал тулгардаг. Энэ асуудлуудыг бид нийлээд хамтдаа шийдье гэдэг байдлаар энэ хороо үйл ажиллагаагаа эхэлж байна. Мөн бид ҮХААЯ-ны холбогдох хүмүүстэй уулзаж, ажлынхаа ерөнхий чигийг тогтоож чадлаа. Түүнчлэн Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзаж ажлуудаа тохирлоо. Эргээд төр засгаас малчдын талаар явуулж байгаа бодлого, орон нутгийн удирдлагын зүгээс иргэддээ явуулж байгаа бодлогуудыг энэ хорооныхоо үйл ажиллагаатай “уях” ажлуудыг ойрын хугацаанд зохион байгуулаад явна гэж төлөвлөж байгаа.

-Таныг Монгол орны 21 аймгийг тойрсон МЗХ-ны анхны Ерөнхийлөгч гэж сонссон. Хөдөөгүүр явж байхад хөдөөгийн залуусын өмнө тулгамдаж буй асуудал юу байна. Хөдөөгийн залуусын оролцоо идэвхи хэр байна вэ?

- Багт байгаа залуу сум руу залуучуудын ажилтай гээд малаа хаяад гараад явчихаж болдоггүй. Жилийн дөрвөн улиралд цаг наргүй ажилладаг онцлогтой л доо. Өөрөөр хэлбэл малчин залууст хүрч, очиж ажиллах гэдэг их чухал ажил.  2-рт залуу малчдынхаа нүдийг нээх ажлыг бид хийх ёстой. Тэгэхгүй бол залуу малчид сумын төвөө үзсэнээс биш, аймгийн төв, улсынхаа нийслэлийг үзээгүй залуучууд их байна. Гадаад явж үзээгүй малчин залуус маш олон байгаа. Тэгэхээр насаараа нэг газраа байх биш залуус шинэ нэвтэрч байгаа ололт туршлагыг судалж, үеийн залуус нь яаж ажиллаж хөдөлмөрлөж байна, тэд нарын дэргэд тэр залуучууд юугаараа давуу юм гэдгийг олж харах тэр боломжийг бүрдүүлэх ажлыг бид хийх шаардлагатай юм гэж харж байгаа.

 Нөгөө талаар малчдын талаар төрөөс гаргасан бодлогууд дээр бид маш их анхаарах хэрэгтэй байгаа юм. “Монгол мал” хөтөлбөр гээд гарчихсан байдаг. Тэгсэн мөртлөө малчид нь яаж оролцох вэ гээд ойлголтын зөрүү байгаа. Маш олон тодорхойгүй асуудлууд байдаг. Тэр бүгдийг тодорхой болгох чиглэлээр залуус бид төр засагтайгаа хамтраад ажиллая гэсэн чиглэлийг бас тодорхойлсон байгаа.

Дараагийн нэг чухал зүйл бол малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг. Ахмадууд маань үнэхээр мал маллах ухааныг эзэмшсэн. Гэтэл залуу хүмүүст мэдэхгүй чадахгүй зүйлс их байна. Дээр нь маш сайн туршлагууд цөөхөн хүн дээр хадгалагдаж байдаг. Бусад нь үүнийг мэдэхгүй өнгөрч түүнээсээ болоод малаа өсгөж чадахгүй, малынхаа ашиг шимийг бүрэн хүртэж чадахгүй байх гэх мэт зүйлүүд байгаа. Тийм учраас энэ сайн туршлагуудыг залуу малчдадаа хүргэх ажлуудыг хийе гэж төлөвлөж байна.

Дараагийн нэг зайлшгүй хийх ажил бол малчдын бизнесийг дэмжих ажил. Мал маллаж байна гэдэг нь бизнес эрхэлж байна гэсэн үг. Энэ бизнесийг нь дэмжиж, бүтээгдэхүүнийг нь зах зээлд гаргах ажлыг залуучуудтай хамтарч хийе гэж байгаа. Энэ мэтчилэн олон асуудлууд байна.

Жишээ нь, малчид маань тухайн нутгаасаа гарахгүйгээс болоод тухайн нутгийнхаа л бүсгүйтэй суудаг. Тэгэхээр бид ядаж л нэг, хоёр аймаг алгасуулаад хань ижилтэй болгох тэр нөхцөлийг нь ч бүрдүүлж өгье гэж бодож байгаа. Энэ мэтчилэн санасан сэдсэн ажил маш их байна.

Эргээд бас Улаанбаатар хотын залуус ихэнх нь харшилтай. Хүүхдүүд нь малаас хол хөндий өсчихсөн. Тэднийг мал дээр гаргах, бууцны үнэрт харшлаад байдаггүй болгох, эсгий ширдэг дээр унтчихдаг, арьс нэхий өмсөхдөө ханиаж найтаалгаад байдаггүй ийм болгохын тулд анхаарч залуусаа олноор нь зуных нь амралтаар хөдөө хот айлуудад залуусын байршуулах байдлаар тэдэнд Монгол хүн гэдгийг мэдрүүлэх тийм ажлуудыг зохион байгуулахаар ярилцаж, ажиллаж байна.

-Хотыг чиглэсэн нүүдэл их байна. Ажилгүйчүүдийн тоо ч энэ хэрээр нэмэгддэг. Малчин залуус малаа зарчихаад ирдэг ч асуудал байна шүү дээ?

-Бид малчин залуусыгаа малаа маллаач ээ гэдгийг л хүсч байгаа. Монгол залуу малчин өдөр ирэх тутам ховордож байна. Ахмадууд маань ч бас бүл муутай хэцүү байна. Тэгэхээр мал дээр байгаа залуусаа малчин хэвээр нь үлдээхийн төлөө малжуулах төслөө хийнэ. Яг суман дээр, аймгийн төв дээр ажилгүй байгаа залуус бол яалт ч үгүй хот руу орж ирж байгаа. Энэ залуусаа бид хөдөлмөрт сургах чиглэлээр Хөдөлмөрийн яамтай хамтраад Залуучуудын хөдөлмөрийн төв биржийг ажиллуулж байна. Энэ жилээс залуусаа бригад болгоод МСҮТ-д бэлтгэж сургаад хавар бүтээн байгуулалтын ажил эхлэнгүүт бүгдийг нь бүтээн байгуулалтын ажил руу бригадаар нь явуулъя гэж байгаа. Өөрөөр хэлбэл хуучин илгээлт аваад явдаг байсан шиг, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж Монголын Залуучуудын Холбооноос батлан даалт аваад “ардын элч” болж бүх бүтээн байгуулалтад оролцож ажиллана гэсэн үг юм.

-Залуус төрийн түвшинд дуу хоолойгоо хүргэх боломж хэр нээлтэй байна. Төр засагтайгаа хэр хамтарч ажиллаж байгаа вэ?

-ТББ-уудаас төрийн 3 институцтай хамгийн ойр ажиллаж байгаа цорын ганц байгууллага бол МЗХ гэж хэлж болно. Бид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч Архины эсрэг, Авлигын эсрэг, одоо Том төрөөс ухаалаг төр рүү шилжихэд залуучууд хэрхэн оролцох вэ гээд маш олон тодорхой ажлуудыг сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн байгаа. Түүн шигээ бид УИХ-д “Залуучуудыг дэмжих Лобби бүлэг” байгуулсан. УИХ-аас гарах шийдвэрүүдэд энэ Лобби бүлгээрээ дамжуулж нөлөөлөх, эргээд залуусын өмнө тулгамдаж буй асуудлыг Лобби бүлгээр дамжуулан өргөн барьдаг энэ ажлуудыг хийгээд явж байгаа. Өнгөрсөн онд “Сумын залуусаа архинаас гаргая” гээд төсөл өргөн барьсан. Энэ төсөл ямар ч байсан ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжигдээд ирэх жил сумдад архи уугаад байгаа залуустайгаа тулж ажиллана гэж бодож байгаа. Ингээд өөрөөр хэлбэл Засгийн газрын түвшинд бид маш олон ажил хийж байгаа.

Засгийн Газар дээр Ерөнхий сайдын манлайлал, дээр нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Залуучуудын  асуудал хариуцсан сайд шүү дээ. Тус яамны бүтцэд Залуучуудын хөгжлийн хэлтэс гэж байгууллаа. Өнгөрсөн онд л гэхэд  сумын залуус маань санаж байгаа байх, “Сумын залуус” төсөл хэрэгжүүлсэн. Тухайн сумаас  их дээд сургуульд сурч байгаа залуусаас 4 залуу нутагтаа зуны амралтаараа очиж ажилласан. Өөрөөр хэлбэл 1300 оюутныг 330 суманд ажиллуулсан. Ерөнхий сайд үр дүнтэй ажил байна гэж дэмжээд  энэ жил 10 мянган оюутаныг хамруулахаар болсон. Энэ дотор Ногоон ажлын байр гээд ой цэвэрлэх ажил байна, мөн орон нутагт авлигын эсрэг чиглэлээр сурталчилгаа хийх, архинаас гаргах, спортын сурталчилгаа хийх гээд сум орон нутагт маш олон ажлыг зуны 2 сарын хугацаанд идэвхтэй явуулах юм. Тийм учраас суман дээр байгаа малчин залуусыг энэ чиглэлээр хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Мөн Залуу малчдын хорооныхоо залуусыг энэ 10 мянган залуустаа оруулж явуулна. Ингэснээр малчин, сумын залуустай уулзаж тэдэнд соёл, урлаг, эрүүл мэнд, мал маллах арга ухаан, сургалтын гэх мэтчилэн маш олон ажлуудад хамтарч ажиллана гэж ойлгож байгаа.

Үгүй ядаж л интернет, смарт утас яаж ашиглах уу гээд олон зүйлийг залуучууд маань очиж заана.

- Таны бодлоор манай залуус сэрж чадсан уу?

-2013 оныг бид “Залуус аа оролцъё” уриан дор өнгөрүүлсэн бол 2014 “Нэгдье” уриатай бүх үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна. Энэ онд МЗХ-ны 5-р Их хурлын жил байгаа. Энэ Их хуралд малчин залуус төлөөлөгчөөр ирж оролцож, малчин залуучуудынхаа өмнө тулгамдаж буй асуудлыг ярилцаж, үүнийг цааш нь ажил хэрэг болгох чиглэл рүү идэвхтэй дуу хоолгойоо өргөж, Монгол залуу хүн гэдэг тэр сайхан эрхэм зүйлээ бусад залуусынхаа төлөө ашиглах тийм сайхан боломжийг бүрдүүлж өгөх юм. 5-р Их хурлаар Монголын залуус ирээдүйд хэн байх, энэ улсын эзэн нь байж яаж байх ёстой юм гээд олон зүйл шийдэгдэнэ гэж харж байна.

-Их хурлаа хэзээ хийх вэ?

-Цагаан сар өнгөрөөд 2-р улирлын эхэнд хийнэ.

-Энэ хурлаар юу яригдах бол гэсэн хүлээлт залууст байгаа байх. Энэ талаар?

-МЗХ-ны өөрийнх нь үзэл баримтлал, дүрэм зэргийг шинэчлэх ажил хийгдэнэ. 2-рт Монголын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого ямар байх вэ гэдэг зүйл дээр тодорхой хэлэлцүүлгүүдийг хийж, Их хурлаасаа УИХ-д өргөн барих ажлууд яригдана.

-2013 онд МЗХ их ажил хийлээ. Монголын залуус 2014 онд та бүхнээс үүнээс илүү ихийг хүсэх байх л даа?

-Үүнээс илүү ихийг хийнэ. Яагаад гэхээр орон нутгийн бүх салбар байгууллагууд сэргэчихсэн. Дээрээс нь манай тусгай салбар хороод болоод холбоо бүгд  сэрчихлээ. Хуучин Залуучуудын Холбооны Гүйцэтгэх Хороо л ганцхан ажил хийдэг байсан бол одоо бүх салбар холбоод, тусгай хороо гэх мэт 100 гаруй байгууллагууд нэгэн зэрэг ажил хийдэг болсноор өдөртөө биш гэхэд 7 хоногт 100 ажил хийнэ. Тийм учраас энэ бол дөнгөж асч байгаа маш том галт тэрэг л гэж ойлгох хэрэгтэй. Энэ галт тэрэгний араас маш олон цуваа залгагдана. Энэ цуваа болгонд залуу хүн бүр хоцролгүй суух л хэрэгтэй. Ингэж байж л ирээдүйгээ итгэлтэй харж, сайхан ирээдүй рүү очно шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.

Ө.Хатантуул