Эхнэрээ хөнөөсөн иргэний хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
2014/01/28
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хохирогчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Б.Эрдэнэбаатар нь 2013 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр баг "Хужирын гол" гэх газарт согтуугаар эхнэр О-г онц харгис хэрцгий аргаар зодож, санаатайгаар алсан гэмт хэрэгт холбогджээ. Тодруулбал, тухайн үед Б.Эрдэнэбаатар нь эхнэрээ хазаар, ногтоор ташуурдан хөнөөсөн аж. Нөхөр нь суусан цагаасаа хойш байнга зодож, хардаж сэрддэг байсан ч хүүхдүүдээ бодож тэвчсээр эцэст нь алтан амиа алдаж, гурван хүүхэд эхээсээ хагацаж үлдсэн.
Булган аймаг дахь Сум дундын шүүх дээрх хэргийг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Б.Эрдэнэбаатарт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хөнөөсөн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Эрдэнэбаатарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис, хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн Б.Эрдэнэбаатар нь хохиролд 5 сая 186 550 төгрөг төлсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол, хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, эд хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурджээ.
Булган аймгийн шүүх уг хэргийг 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Улсын Дээд шүүхийн хуралдаанаас Б.Эрдэнэбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагаа нэг талыг барьсан буюу бүрэн гүйцэд биш хийгдсэн, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулаагүй, хохирогчийн хуулиар олгогдсон зарим эрхийг хязгаарлаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дутуу шалгасан байна гэсэн дүгнэлт хийж, хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэжээ.
Х.Даваа
Зочин · 2014/01/29
hunii amiig zerelgeer hunuusun huniig 18 han jil,nasaar ni giandand suulgamaar yum ** huulitai