cc2a4e9c8f6a5328fc1c480c15688cfe

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд энэ оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед хүн амины хэрэг гарсан. Хэргийн талаарх дуудлага тус оройн 21:45 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллахад ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэл нээсэн. Талийгаачийн үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүнгээр эцэслэн тогтоох боломжтой. Олон нийтийн сүлжээгээр албан тушаалаа булаацалдаж маргалдсан гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Харин хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон” хэмээн мэдээлсэн.

Хутга, мэс ашиглан хохирогчийн аминд хүрсэн нь ташаа мэдээлэл

Хэрэг гардаг өдөр Б.Махбал нь яамныхаа Зам, тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Ч.Ганбаярын хамт яамны байрандаа архи уужээ. Түүгээр ч зогсохгүй Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат нарыг уруу татаж хамт архидан согтуурсан байна. Мөн ээлжийн амралттай байсан Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмааг тушаал гаргах хэрэгтэй байна гэж дуудан хамт архи уужээ. Хэрэг гарсан өдрийн 18.00 цагийн үед Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ талийгаач Т.Гомбосүрэн болон Б.Артур нарыг дуудаж үүрэг өгөөд гаргасан байна. Талийгаачийн хувьд маргаашнаас нь ээлжийн амралтаа авах байсан тул сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс гадна, бусад ажлаа цэгцэлж байжээ. Харин 19:00 цагаас эхлэн Б.Махбал дарга талийгаачийг өрөөндөө хэд хэдэн удаа дуудуулжээ. Ингээд 20 цаг орчимд өрөөнд нь явж орсон бололтой. Улмаар тэд 21:00 цагийн үед гарч, яамны үүдэнд зогсож байх үед Т.Гомбосүрэн, Б.Махбал нар маргалдсан бололтой. Маргалдаад ч зогсохгүй зодолдсон нь яамны гаднах хяналтын камерт бичигдсэн байна. Эх сурвалжийн дурдаж байгаагаар Т.Гомбосүрэн, Б.Махбал нар архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн өөрийгөө удирдах чадваргүй болсон байсан гэнэ. Талийгаачийн хувьд хэн нэгний өмнөөс хариу үйлдэл үзүүлэх ч сөхөөгүй, хөл дээрээ тогтож ядан гуйвж байсан аж. Энэ үед сэжигтнээр татагдаад буй Б.Махбал нь хохирогчийг өшиглөж, цохижээ. Энэ тухайгаа ч тэрээр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө дурджээ. Харин хутга, мэс ашиглан хохирогчийн аминд хүрсэн гэдэг нь ташаа мэдээлэл юм байна.

Т.Сайнжаргал: Хүний ёсноос гажууд, харгис хэрцгий үйлдлээр санаатайгаар нэгнийгээ бүлэглэн хөнөөжээ

Түүний найз Т.Сайнжаргал өөрийн твиттер хуудаснаа хэргийн талаар тодорхой жиргэжээ. Тэрээр “ЗТХЯ-ны газрын дарга асан талийгаач найзынхаа гэрээр орж ар гэрт нь хүндэтгэл үзүүллээ. Бодит байдлыг сонслоо. Үнэхээр сэтгэл эмтэрмээр, хүний ёсноос гажууд, харгис хэрцгий үйлдлээр санаатайгаар нэгнийгээ бүлэглэн хөнөөжээ. Үнэхээр гомдмоор, байж боломгүйгээр хороосон байна. Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад толгой руу нь олон удаа (шүүхийн дүгнэлтээр долоон удаа) өшиглөж, гутлын өсгийгөөрөө эрүүн дээр нь гишгэж мулталсан. Энэ үед нь Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан газрын дарга нар болон жолооч нар хараад зогсож байсан” гэж жиргэсэн юм. Зодоон хоёр хүний хооронд болжээ. Тэнд байсан бусад хүмүүс тэдний зодолдож байхыг хараад зогсож байгаа нь хөдлөшгүй баримт болох камерт бичигдсэн аж. Одоогоор хэргийн газар хамт байсан хүмүүсийг гадуур байцааж байгаа юм байна.

Т.Сайнжаргал “Зодсоныхоо дараа тэд бүгд талийгаачийг орхиод яам руу орсон. Төд удалгүй хоёр нь гарч ирж талийгаачийг чирч сандал дээр хэвтүүлээд орхисон байна. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан төрийн тусгай хамгаалагч гарч ирээд эмнэлэг дууджээ. 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоосон байна. Үүний дараа цагдаа нар ирж яаман дээр архидаж байсан таван хүнийг авч явжээ. Бүгдийг нь нэг камерт хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулсан байна. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьж болох уу” гэж байлаа.

Сэжигтэн Б.Махбалыг нэг сар цагдан хорихоор болов

Сэжигтэн Б.Махбалыг хэрэг гарсан өдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр архи хэтрүүлэн уусан байсан тул эрүүлжүүлэхэд хонуулжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчирч, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаах үйл ажиллагааг тус хэлтсийн мөрдөн байцаагч н.Мөнхболд явуулсан юм. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Махбалыг яллагдагчаар татан, цагдан хорих саналыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Уг саналыг хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн хоёр, 14.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт тус тус заасны дагуу Б.Махбалыг наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаатай цагдан хорихоор болсон юм. 14.9 дүгээр зүйлийн хоёрт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” хэмээн заажээ. Харин 14.10 дугаар зүйлийн нэгт “Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар байна” гэсэн байна.

Сэжигтнээр татагдсан Б.Махбал гэж хэн бэ?

Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд хүрсэн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүн бол тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал юм. Тэрээр 48 настай. Өнгөрсөн оны сүүлээр Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогджээ. Үүнээс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед тус яамны Зам тээврийн бодлогыг нь хариуцсан газрын даргын албыг ч хашиж байжээ.

Хувь хүнийхээ хувьд Б.Махбал нь даруу төлөв, бүрэг ичимхий нэгэн гэнэ. Б.Махбалыг хүнтэй зодолдох нь битгий хэл хэрүүл хийж байхыг нь харж байгаагүй талаар ойрын эх сурвалж хэлсэн юм. Мөн тэрээр “Б.Махбал архи ууж чаддаггүй. Бага зэрэг уугаад л согтчихдог. Уулаа гээд элдэв ааш, аяг гаргадаггүй. Ажилдаа нягт нямбай ханддаг. Бичгийн чадвар сайтай, хамгийн зөв, оновчтой хувилбар дэвшүүлж чаддаг. Хүнд хатуу ширүүн үг хэлнэ гэж байдаггүй. Ямар ч ажлыг хийж бүтээхийн төлөө гэсэн эрмэлзэлтэй хүн” хэмээсэн юм. Харин зарим эх сурвалж Б.Махбалыг ааш аяг муутай, хоёр нүүртэй нэгэн ч гэж байлаа. Талийгаачийн найз Т.Сайнжаргал Б.Махбалын талаар “Өмнө нь Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байхдаа хүний чихийг тас хазан, амнаасаа тасархайг нь нулимж хаяж байсан хүн. Уул уурхайн яаманд ажиллаж байхдаа нэг даргаа хэвтэрт ортол зодоод халагдсан. Энэ явдлыг тас нуугаад орхисон. Өмнө нь хоёр хүн алах дөхсөн ийм рецетив нөхрийг яамны газрын даргаар авч нөгөө газрын даргаа алууллаа гэж үү” хэмээн жиргэсэн юм. Б.Махбал нь хурдан морь сонирхдог юм байна. Ж.Бат-Эрдэнэ сайдтай ижил сонирхолтой учир Б.Махбалыг өөрийн яамандаа ажиллуулах болсон гэх яриа ч ойр тойрныхон дунд нь байдаг бололтой. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зааварчилгаагаар уг албан тушаалд томилогдсон байх магадлалтай гэх хардлага яриа ч тус яамныхны дунд өрнөдөг гэнэ.

Тэрээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хадгаламждаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, 80 саяар үнэлсэн “Lexus 570”-тай, эзэмшлийн хоёр газартай, тэрбум 570 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, мөн үйлдвэр үйлчилгээний гурван объекттой, гэр бүлийнх нь жилийн орлого 229 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.

Харин талийгаач Т.Гомбосүрэн 38 настай, хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Түүний хувьд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байжээ. Бусадтай муудалцдаггүй, эв эеийг хичээдэг, хүнлэг, шударга нэгэн байсан гэдгийг ойр дотныхон нь онцолсон. Мөн архи дарс уудаггүй, чадварлаг, зарчимч төрийн албан хаагч байсан хэмээн эх сурвалж хэллээ. Т.Гомбосүрэн нь Сэлэнгэ аймгийн уугуул нэгэн аж. Түүнийг ийм шалтгаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын сонгуульд ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Тэрээр Зам тээврийн хөгжлийн яаманд Д.Ганбатыг сайдаар ажиллах үед томилогдож ирсэн байна.

Талийгаачийн ажлыг аваххүний нэр хэдийнэ тодорчихсон байжээ

Дээрх хэрэг хувь хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцаанаас болсон талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Гэхдээ тэдэнд урьд өмнө нь санасан өс, хувийн муудалцах асуудал байгаагүй гэдгийг ойр тойрныхон нь хэлж байна. Харин ажлын байрны маргаан болон төмөр замын 280 сая ам.долларын асуудал, ОХУ-аас ашиглалтын хугацаа нь дууссан 1000 вагон оруулж ирсэн хэрэг дээр шалгалт хийж байсан нь нөлөөлсөн гэх таамаг байгаа юм. Ар гэрийнхнийх нь зүгээс ч “Цэвэр улс төр, албан тушаалтай нь холбоотой хэрэг болчихлоо” гэж үзэж байгаа аж. Ямартаа ч баттай эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн албан тушаалд буюу Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалд очих нэгний нэр хэдийнэ тодорчихсон байжээ. Тодруулбал түүний албан тушаалд очих хэлтсийн дарга Доржоо гэгчийн нэр Авлигатай тэмцэх газар оччихсон байсан талаар эх сурвалжууд хэлж байгаа юм.

Ж.Бат-Эрдэнэ: Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе

Уг хэрэгтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр үүрэгт ажлаа өгөхөөр Монгол Улсын Ерөнхий сайдад өргөдлөө өгсөн юм. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе” хэмээн жиргэсэн юм. Яагаад ийм шийдвэр гаргаж байгаа талаар нь түүнээс тодруулахад “Өөрийгөө буруутай гэж ойлгож байгаа учир өргөдлөө өгчихлөө. Миний хувьд үүрэг, даалгавар өгч суулгасан юм. Ажлаа хийж байхдаа л хүмүүс цаашаа даварцгаасан юм байна. Толгойлж явсан яаман дээр минь ийм ноцтой хэрэг гарч байхад яаж цаашдаа ажиллах вэ дээ. Хэнтэйгээ ч ажиллах вэ, юугаа ч хийх гэж явж байхав.

Нэг нь амь насаа алдаж хорвоогоос халилаа. Нөгөө нь ийм нөхцөл байдалд орлоо. Энэ нь яамны хариуцлагын асуудал л гэхээс өөр юу байх билээ. Тиймдээ ч ёс зүйн хариуцлагаа хүлээхээр шийдлээ” гэв. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад өгсөн өргөдөлдөө “Миний толгойлсон Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг гарсан тул миний бие цаашид тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй хэмээн үзэж Зам тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Үүнээс гадна Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Дэд сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе. Чадах чинээгээрээ хичээж ажиллалаа. Надад итгэж дэмжиж ирсэн гэр бүл, журмын нөхөд, шүүмжлэгчиддээ баярлалаа” хэмээн жиргэсэн юм. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ ч үүрэгт ажлаа өгч буйгаа мэдэгдсэн. Түүнчлэн өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийх үеэр тус яамны таван газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн. ЗТХЯ нь нийт зургаан газар, зохицуулах хэлтэстэй бөгөөд бүх газрын дарга нарыг ийн ажлаас нь чөлөөлөв. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ болон Төрийн нарийн бичгийн даргаа Ж.Бат-Эрдэнэ нар өчигдөр талийгаачийн гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ. Талийгаачийг энэ лхагва гаригт хөдөөлүүлэх юм байна.

Дашрамд дурдахад төрийн албан хаагчийн аминд халдсан хэрэг өмнө нь гарч байсан юм. Тодруулбал 2006 онд “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны захирал агсан Ц.Түмэнгэрэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга агсан Д.Бадрааг Төрийн тусгай хамгаалалттай албан байранд нь онц хэрцгийгээр хутгалан хөнөөж олныг цочроож байв. Д.Бадраа алагдахынхаа өмнөх өдрийн орой Засгийн газрын хуралдаанд хадгаламж зээлийн хоршоодын талаар мэдээлэл хийсэн, засгаас СЗХ-ны дарга агсанд хадгаламж зээлийн хоршоодод яаралтай арга хэмжээ авах сануулга өгсөн, Ц.Түмэнгэрэл агсан мэдээлэл хийхээс нь өмнө Д.Бадраа агсантай хэд хэдэн удаа уулзахыг хүсч хандсан ч татгалзсан хариу сонссон гэх мэт мэдээлэл тухайн үед хэвлэлээр хөвөрч байлаа.

Эх сурвалж: Dnn.mn