Сар шинийн өдрүүдэд Замын цагдаагийн газрын ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.  Мөн зарим эмнэлэг, банкууд сар шинийн өдрүүдэд богино цагаар ажиллахаар хуваарь нь гарчээ.

Өрхийн эмнэлгүүд амрахгүй

Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, өрхийн эмнэлгүүд ажиллах юм байна. Дээрх эмнэлгүүд сар шинийн өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллана.

Нийслэлийн эрүүл мэндийн газарт 2014 оны нэгдүгээр сарын 30-ны оройн 20.00 цагаас 2014 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн өглөөний  09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллахаар болсон байна. Хэрэв холбоо барьж санал, шүүмжлэл өгөхийг хүсвэл 320981 дугаарын утсаар холбогдох боломжтой.

Нийтийн тээвэр 08.00- 22.30 хүртэл үйлчилнэ

Шинийн 1,2,3 нийтийн тээврийн автобуснууд 8.00-22.30 цаг хүртэл зорчигчдод үйлчилнэ. Үндсэн 67 чиглэлд 582, хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус, нийтдээ 827  тээврийн хэрэгсэл  иргэдэд үйлчилэх юм. Мөн 30 хүртлэх хүнд микроавтобусаар захиалгаар үйлчилнэ.

Баар, цэнгээний газрууд амарна

Сар шинийн өдрүүдэд баар, шөнийн цэнгээний газрууд  амрах аж. Мөн нийтийн хоолны газрууд ч шинийн 1,2,3-нд ажиллахгүй. Харин хоёрдугаар сарын 3-ны өдөр буюу шинийн 4-өөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

Зарим банкны салбарууд шинийн 2-нд ажиллана

Өнөөдөр банкууд 17-18.00 цаг хүртэл ажиллана.  Сар шинийн нэгэнд бүх банк амарна. Зарим банкууд тухайлбал, Худалдаа хөгжлийн банк, Хас банк сар шинийн баярын өдрүүдэд амрах аж. Тэгвэл Голомт банкны “Ард” салбар хоёрдугаар сарын 1-нд 10.00-18.00, хоёрдугаар сарын 2-нд “Солонго”салбар 10.00-18.00 цагийн хооронд ажиллана. Капитал банкны “Нисэх” салбар хоёрдугаар сарын 1, 2-нд энгийн цагийн хуваариар буюу 24 цагийн туршид ажиллах юм.

 

Х.Даваа