Осолд өртсөн ОБЕГ-ын албан хаагчид тусламж үзүүллээ
2014/01/29
Энэ сарын 17-нд Говьсүмбэр аймгийн замд ноцтой осол гарч, албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, энэ сарын 17-ны оройн 20.40 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт “Зам дээр явж байсан чиргүүлтэй автомашины дугуй шатаж байна” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлынхан зургаан хүний бүрэлдэхүүнтэй галын хоёр автомашинтай очиж галыг унтраачихаад 21.20 цагийн үед машиндаа суух гэтэл хойд талаас нь гэнэт хурдтай тээврийн хэрэгсэл орж ирэн хоёр жолоочийг нь дайрч, нэгийнх нь амь насыг хохироож, нөгөөг нь хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Тэгвэл энэ хэргийн үеэр гэмтсэн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 37 дугаар ангийн ахлах ахлагч Д.Амарсайхан Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм байна. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж өчигдөр ахлах ахлагч Д.Амарсайхантай уулзан биеийн байдалтай танилцаж түүний эмчилгээнд зориулан 1,0 сая төгрөгийн тусламжийг олгосон байна. Онцгой байдлын ахлах ахлагч Д.Амарсайханы биеийн байдал сайжирч байгаа бөгөөд эмчилгээ сайн хийгдэж байгааг энэ үеэр ярьж байлаа.
А.Баярмаа