Сар шинийн баяраар иргэдийн эрүүл энхийн манаанд зогсч, яаралтай тусламж үзүүлдэг 103 буюу түргэн тусламжийн төвд 08.00-14.00 цагийн хооронд нийт 150 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлагын ихэнх нь зүрх, судасны өвчин, даралт ихэссэн гэсэн дуудлага аж.

Яаралтай түргэн тусламжийн төвийн жижүүр эмчтэй холбогдоход “Сар шинийн баяр болоод ч тэр үү дуудлага гайгүй байна. Гэхдээ үдээс хойш буюу 16.00 цагаас хойш дуудлага ихсэх хандлагатай байдаг юм. Өглөөнөөс хойш зургаан цагийн байдлаар дуудлага бага байна” хэмээн мэдээлэл өглөө.

Мөн өчигдөр буюу битүүний өдөр түргэн тусламжийн төвд нийт 800 дуудлага ирсэн байна. Эдгээрийн ихэнх нь зүрх, судасны өвчлөл байжээ. Мөн согтууралтай холбоотой буюу архины хордлогод орсон гэх дуудлага нийт дуудлагын багагүй хувийг эзэлж байгаа аж. Тиймээс баяр ёслолын үеэр архи, согтууруулах ундаагаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Х.Даваа