ЭМД-ын асуудлаар Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал эхэллээ
2013/09/07
Хурлыг ХАХНХЯ-наас Эрүүл мэндийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ДЭМБ-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын нээлтийн үйл ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Германы ОУХАН-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Сабинэ Мюллэр, ХБНГУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ульрих Герингер, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт-У нар үг хэллээ. Энэхүү олон улсын бага хуралд БНСУ, Вьетнам, Литва, ХБНГУ, Энэтхэг, Молдав, Филиппин зэрэг найман орны 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.
“Хорин жилийн туршлага, цаашдын зорилт” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар Монгол улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэхэд баримтлах бодлогын талаар оролцогчидтой санал солилцож, зөвлөмж, дүгнэлт гаргана.
Эрүүл мэндийн даатгалын талаарх олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хэлсэн үг
“Эрүүл мэндийн нийгмийн даатгалын хөгжлийн асуудлаар “Хорин жилийн туршлага, цаашдын зорилт” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Юуны өмнө, энэхүү онол практикийн бага хуралд эрүүл мэндийн даатгалын чиглэлээрх олон улсын чиг хандлага, хуримтлуулсан туршлага, мэдээллээ хуваалцахаар хүрэлцэн ирж, илтгэл тавьж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, P4H-ын зөвлөхүүд болон Молдав, Литва, Филиппин, Вьетнам улсын төлөөлөгчиддөө Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжсэн шилжилтийн хүнд хэцүү он жилүүдэд хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, улсын төсвийн ачааллыг бууруулах, иргэний эрүүл мэнддээ тавих хариуцлагыг бий болгох зорилготойгоор манай улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлснээс хойш 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэхэд байнгын мэргэжил арга зүйн зөвөлгөөнөөр хангаж ирсэн ДЭМБ-ын зөвлөх Д.Баярсайханд талархал илэрхийлье.
Өнөөдөр бид өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа дүгнэн, олсон ололт, авсан сургамжиндаа тулгуурлан цаашдын чиг хандлагаа тодорхойлохоор олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа нь онол практикийн ач холбогдолтой үйл явдал болж байна.
Энэ хугацаанд бид эрүүл мэндийн даатгалд хүн амаа бараг бүрэн хамруулж, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний төлбөрийн аргыг шинэчлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч болон даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын талаар ойлголттой, мэдлэг мэдээлэлтэй болсон зэрэг олон үр дүнд хүрээд байгаа билээ.
Гэвч цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэхийн тулд иргэнийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, иргэдээс их хэмжээний төлбөр гарч байгаа өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ, оношилгоо эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулах, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, чанартай тусламж үйлчилгээг худалдан авах чадавхитай худалдан авагч байгууллагыг бий болгон, бэхжүүлэх зэрэг шийдвэрлэх олон асуудлууд байна.
Монгол улсын Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн амин чухал бүрэлдэхүүн нь Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн асуудал байгаа бөгөөд энэхүү 4 жилийн хугацаанд бид:
1. “Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулга”-ыг УИХ-аар батлуулах,
2. Орлого багатай иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах,
3. Иргэдэд эрүүл мэндийн даатгалын ухаалаг цахим үнэмлэх олгох,
4. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээр дамжуулан элэгний хорт хавдрыг эрт оношлох, эмчлэх арга хэмжээг бүх нийтийг хамруулан үндэсний хэмжээнд зохион байгуулах,
5. ЭМД-ын байгууллагыг чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ худалдан авах чадавхи бүхий нэг худалдан авагч болгон бэхжүүлэх зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.
Энэхүү олон улсын онол практикийн хурлаас :
1. Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн оролцоог хангасан сайн засаглалыг бий болгох,
2. Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний багцыг оновчтой тодорхойлох,
3. Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, үр дүнд байнгын хяналт тавих механизмыг бүрдүүлэх
4. Хувь хүний эрүүл мэнддээ төлж буй шууд төлбөрийг бууруулах,
5. Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлд тулгуурласан санхүүгийн хөшүүргийг бий болгох даатгалын мэдээллийн системийг сайжруулах, цахим картыг бий болгох зэрэг асуудлуудыг хамарсан бодлогын болон техникийн зөвлөмжүүд гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэхэд олон жил сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө дайчилсан ажилтнууд, энэхүү онол практикийн бага хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамт олонд талархал илэрхийлж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог цаашид хөгжүүлэхэд гар бие оролцох та бүхнийг онол практикийн хуралд идэвхитэй оролцохыг хүсэхийн ялдамд хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Хүн амын эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах, хүн амын эрүүл мэндийн тэгш байдлыг хангахад өнөөдрийн онол практикийн хурал үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.