Сингапурын удирдлагын дээд сургуультай хамтран ажиллана
2014/02/05
Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Сингапурын Удирдлагын Дээд Сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах албан ёсны үйл ажиллагаа 2 дугаар сарын 3-ны өдөр Сингапур хотноо боллоо.
Уг санамж бичигт монголын талаас УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр, Сингапурын талаас “Сингапурын Удирдлагын Дээд Сургууль” ХХК захирал Дэд Профессор Ли Вок Чеон нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн дагуу англи хэлний болон мэргэжлийн сургалтын загвар хөтөлбөр боловсруулах, мэргэжлийн болон удирдлагын ухааны чиглэлээр сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн боловсон хүчин болон оюутан харилцан солилцох мөн Монгол Улсын Их дээд сургуулиудтай Олон Улсын Боловсрол Сингапурын удирдлагын дээд сургууль хооронд хамтран ажиллах хөтөлбөр багтаж байгаа юм.
Мөн цаашлаад Монгол Улс, Сингапур Улсын боловсрол, шинжлэх ухааны салбар хооронд хамтран ажиллах, хамтын ажиллагаа хөгжүүлэх, Монголын их, дээд сургуулиуд тус сургуультай хамтын ажиллагаа өрнүүлж, эрдэмтэн, багш, боловсон хүчин харилцан сургах, судалгаа шинжилгээний материал, бүтээл солилцох боломж, бололцоо нээгдэж байна.
Гарын үсэг зурах ёслолын үеэр “Сингапурын Удирдлагын Дээд Сургууль” ХХК захирал Дэд Профессор Ли Вок Чеон энэхүү санамж бичгийг үзэглэхээр хүрэлцэн ирсэн эрхэм сайдад талархал илэрхийлээд хоёр байгууллагын харилцаа холбоог албажуулж цаашид харилцах үүд хаалгыг нээж өгч, хамтын ажиллагааг үр дүнтэй өрнүүлэх өндөр ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр хариу хэлсэн үгэндээ монголчууд эрдэм боловсролыг эрхэм дээд эрдэнэ хэмээн үздэг үндэстний хувьд Монгол-Сингапурын боловсролын салбарын хамтын ажиллагааны ач холбогдлын чухлыг цохон тэмдэглэв.