143 толгой малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрлээ
2014/02/05
Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчин тархан дэлгэрч Наран сумын нутагт илэрч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул Онгон, Наран, Дарьганга сумдын нутаг дэвсгэрт 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ.
Халдварт өвчний голомтод 2014.02.06-ны өдрийн байдлаар 33 өрхийн 143 толгой мал дээрх өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 120 малыг зориудаар устгасан. Мөн Онгон сумын 1, 3 дугаар багт 35131 малыг вакцинжуулаад байгаа ажээ.
Уг өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах зорилгоор Онгон, Наран, Дарьганга, Шилийн богд чиглэлд явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах, дээрхи чиглэлд зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мөн малчдын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг хурдан морины уралдааныг зохион байгуулах, уул овоо тахих /Шилийн богд, Алтан овоо/ арга хэмжээг цуцлах, Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах, аймаг, сумдад зохион байгуулагдах олон нийтийг хамарсан хурал, цуглаан зохион байгуулахгүй байх, өвчлөмтгий малд тарих вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлт, хорио цээрийн дэглэмийг сахиулах ажлууд хийгдэж байна.