Монголчууд Солонгос, Хонконг, Польш зэрэг улсын хилээр хүндрэлгүй нэвтэрдэг болжээ
2014/02/06
Монгол Улсын иргэдийг гадаад аль нэг улсын хилээр нэвтрэхэд ихээхэн хүнд суртал гаргадаг. Зарим тохиолдолд хилийн дээс алхуулалгүй нутаг руу нь буцаах явдал ч гардаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл Солонгос улс зөвхөн Монгол Улсын иргэнийг хилээрээ нэвтрүүлэхдээ 7-14 сая төгрөгийн барьцаа шаарддаг. Мөн Хонконгийг зорьж байгаа Монголчуудыг тусад нь зогсоож, ачаа барааг нь удаан шалгаж зогсоодог байна. Тэгвэл Польш, Солонгос, Хонконг зэрэг улсын хилийн шалган нэвтрүүлэх албаныхантай энэ асуудлаар хэлэлцэн, тохиролцолд хүрчээ. Тодруулбал Гадаадын иргэн харьяатын газраас Монгол Улсад амьдарч байгаа Польш улсын иргэдэд тусгайлан анхаарал хандуулан ажилладаг болжээ. Үүний нөлөөллөөр Польш улсын хил дээрээс Монгол Улсын иргэд буцах тохиолдол гарахаа больсон гэнэ. Үүний зэрэгцээ Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх хурдыг сайжруулахаар тодорхой ажлуудыг хийжээ. Наад зах нь хил дээр байдаг олон шалгах мэргэжлийн чиг үүрэгтэй байгууллагуудыг нэгтгэсэн. Үүнээс эхлэн монголын хилээр нэвтэрч байгаа иргэдийг хүнд сурталгүй байлгахад чиглэсэн багагүй ажлууд хийгджээ.
Үүний зэрэгцээ Монгол Улсын иргэд хийлээр нэвтрэхдээ хурууны хээ уншуулан нэвтэрх боломжийг судлаж байгаа. Одоо нэг иргэн хилээр нэвтрэхдээ хоёр орчим минут зарцуулдаг. Энэ системийг нэвтрүүлснээр 15 секундэд нэг иргэн хилээр нэвтрэх боломжтой болох юм байна. Одоо хүн амын төвлөрөл ихтэй Замын-Үүдийн боомт ачаалал ихтэй үедээ өдөрт 10 мянган хүн нэвтрүүлэх зэрэг боломж нээгдэнэ гэдгийг Гадаадын иргэн харъяатын газраас мэдээлэв.