“Утаанаас хэзээ салах вэ?” хэлэлцүүлэг өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд болсон юм. Энэхүү хэлэлцүүлэгт утааны асуудлыг ярих бүхий л талын төлөөлөл болон сэтгүүлчид оролцсон. Хэдийгээр өвөл дуусч байхад энэ талаар ярьж байна гэж бодох хэрэггүй. Дараа жил өвөлтэй дахиад л золгож "Утаа" гэгчтэй ахин нүүр тулах болно. Тиймээс бид дахиад утаан дунд амьдрахгүйн төлөө гамшигийн хэмжээнд хүрээд буй энэ асуудлаас салах арга замаа одооноос хайж эхлэх хэрэгтэй.

Утаанаасаа салахын тулд өнөөдрийг хүртэл татвар төлөгчдөөс 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Тодруулбал, бид утаатай тэмцэх асуудлыг ганц төрд даатгаж, сайжруулсан зуух, гэрийн туурга, үүдний амбаар гээд янз бүрээр шийдэхээр олон гарц хайсаар байгаа. Үүний үр дүнд өнөөдөр утаа 21 хувиар буурсан гэж албаныхан хэлдэг. Гэвч Нийслэлд амьдарч байгаа хүн бүр өнөөдөр хоолой хорсгож, дотор муухайруулсан хорт утаагаар амьсгалсаар яваа. Тийм болохоор утааг бүх хүмүүсийн нүдэнд харагдахаар багасгаж байж утаа багассан гэж ярих нь зүйтэй болов уу.

Агаарын чанарын албанаас утаа буурсан талаар “Хэрвээ арга хэмжээ аваагүй бол утаа өнөөдөр хэвийн хэмжээнээс 4-5 дахин нэмэгдэх байлаа. Харин арга хэмжээ авсны дүнд өдгөө хэвийн байх хэмжээнээсээ 3-4 дахин их байгаа" гэсэн. Өөрөөр хэлбэл, утаа нэгэнт хэвийн байх хэмжээнээс ийнхүү хэд дахин нэмэгдсэн болохоор бидний нүдэнд үр дүн нь харагдахгүй байгаа. Гэтэл утаа багассан, багасаагүй гэж маргах зуурт үүнээс үүдэж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч эхэлсэн.

Үүнийг тус хэлэлцүүлгийн үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаач багш Г.Энхжаргал хэлж байв. Судалгаагаар утаанаас болж Улаанбаатарын иргэд зүрх судасны өвчлөл, уушгины хорт хавдар, улаан хоолойн өвчлөл, ургийн гаж хөгжил, бага жинтэй хүүхэд мэндлэх зэргээр хор уршгийг нь хэдийн мэдэрч эхэлснийг тогтоожээ. Хамгийн их анхаарал татаж буй нь нас баралтаараа тэргүүлээд буй зүрх судасны өвчлөл, мөн хорт хавдар байна. Учир нь өвлийн улиралд бидний амьсгалж байгаа утаанд хавдар үүсгэгч олон хорт бодис агуулагдаж байдаг болохоор та, бид өнөөдөр биш юм аа гэхэд хэзээ нэгэн цагт дээрх уршгийг амсахгүй гэх баталгаа алга.

Улаанбаатарын утааны 80 хувь нь гэр хорооллоос, 6 хувь нь ДЦС-аас гардаг гэсэн судалгаа бий. Нийслэлд 189.4 мянган өрх амьдардгаас 150 орчим мянга нь гэр хороололд байдаг аж. Иймдээ ч жил ирэх тусам нүүрсний хэрэглээ нэмэгдэж буйг АМГ-ын Нүүрсний судалгааны тасгийн дарга Ж.Батбилэг хэлж байв. Тухайлбал, өнгөрсөн жил манай улс 8 сая тонн нүүрс дотооддоо хэрэглэжээ. Харин энэ жил даруй нэг сая орчмоор буюу хэрэглээ 8.8 сая тонн болж нэмэгдсэн байна.

Тэгвэл иргэдээ орон сууцжуулах, ногоон байгууламжаа сайжруулах гэх зэргээр утаанаас салж болох ч энэ арга хэрэгжихэд дор хаяж 10-15 жил шаардагдах урт хугацааны асуудал. Харин богино хугацаандаа утаанаас салах арга замыг сайжруулсан зуух болон түлш гэдэг дээр өнөөдөр мэргэжлийн байгууллагууд санал нийлдэг.  Одоогийн байдлаар нийтдээ 400 мянган сайжруулсан зуухыг зөвхөн 8 хувийг нь төлж иргэдэд олгосон талаар Нийслэлийн Засаг даргын экологи ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийн үеэр ярьж байв. Гэвч тэдний дийлэнх нь өнөөдөр сайжруулсан зуухаа бусдад худалдах бэлэглэх зэргээр ашиглахгүй байгааг судалгаагаар тогтоожээ. Харин ашиглаж буй цөөн хувь нь төслийн гэх энэхүү зуухыг буруу галлаж байгаагаас утаа буурахад төдийлөн нөлөөлөхгүй байгаа аж. Энэ талаар Дэлхийн банкны Улаанбаатарын цэвэр агаар төслийн удирдах нэгжийн ахлах мэргэжилтэн Б.Нямсүрэн “Сайжруулсан зуух авсан иргэд эхлээд зөв галладаг ч давтан галлахдаа буруу галлаж байгааг судалгаагаар тогтоосон. Иймээс иргэд зуухаа галлах бүртээ өмнөх цогшил дээрээ галлахгүй, яг зааврын дагуу галаа түлвэл утаа бага гарна” гэлээ.

Харин зуухаа бусдад шилжүүлсэн иргэдтэй тэмцэх үүднээс дэлхийн томоохон хотуудад байдагтай ижлээр Улаанбаатар хотын дүрмийг батлахаар болжээ. Уг дүрэмд Улаанбаатарт амьдарч байгаа бол сайжруулсан зуух ашиглах шаардлага тавина. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ “Утаа гаргаж буй иргэн Улаанбаатарт амьдарч буй сая 200 мянган иргэний эрүүл амьдрах эрхийг зөрчиж байгаа тул арга хэмжээ авах хэрэгтэй” гэсэн юм. Мөн Улаанбаатарын хэмжээнд ганцхан байдаг агаарын байцаагчийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ утаатай тэмцэх эко цагдааг бий болгохоор болжээ. Мөн сайжруулсан зуухаа Монголд үйлдвэрлэдэг болох үүднээс 2014 оны Нийслэлийн төсөвт энэ асуудлыг тусгасан байна. Энэ нь өнөөдөр хариуцах эзэнгүй болсон сайжруулсан зуухны засвар үйлчилгээний асуудлыг ч давхар шийдэх боломжийг бүрдүүлэх аж.

Утаанаас салах бас нэгэн богино хугацааны аргыг сэргээгдэх эрчим хүч хэмээн ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хэлтсийн дарга М.Ангараг "нарны эрчим хүчийг ашиглаж, айл бүр эрчим хүч үйлдвэрлэл хийнэ. Уг туршилтыг одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт туршиж, судалгаа явуулж буй бөгөөд хэрвээ нүүрс түлснээс хямд өртөгтэй байж чадвал ирэх 12 дугаар сар гэхэд хэрэгжүүлэх боломжтой болно. Үүнтэй адилхан төслийг “Ногоон эвсэл” ТББ-ын шинжлэх ухааны зөвлөх, физикийн ухааны доктор Л.Дарамсэнгэ танилцуулав. Энэ нь гэр хорооллын нийт өрхөөс наран тал руу харсан 50 айлын хувийн эзэмшлийн 0.07 га газрын талд 30 квт-ын нарны хавтан байршуулах юм. Ингээд үйлдвэрлэсэн эрчим хүчээ устөрөгчид шингээн хадгалж, байнгын тогтвортой энергийн эх үүсвэрийг бүрдүүлэх аж.

Дээрх аргуудыг хэрэглэснээр утаа бүр мөсөн арилахгүй нь ойлгомжтой. Ерөнхий сайд 2016 он гэхэд утааг 70-75 хувиар бууруулна гэж хэлсэн ч бид үүнийг зүгээр хараад суух хэрэггүй. Та бидний  үр хүүхдийг маань үхэлд аажим дасгаж буй утаатай тэмцэхэд иргэн бүр оролцох шаардлагатай нүүр тулгараад байна. Үүнтэй ч “Утаанаас хэзээ салах вэ” хэлэлцүүлэгт оролцогчид санал нэг байсныг энд онцольё.

Х.Даваа