“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас чөлөөлж Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилох шийдвэр өнгөрсөн 05-р сард гарч байсан билээ.

Тэгвэл Эрчим хүчний сайд асан П.Ганхүү уг албан тушаалд томилогдсоноосоо хойш таван сар болж байхад гарын 10 хуруунд багтахаар цөөхөн удаа үүрэгт ажилдаа ирсэн байна.  Мөн өөрийн байгууллагад ажиллаж байгаа мэт дураараа авирладаг зэргээс болж үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсныг баттай эх сурвалж хэллээ.

Тодруулбал,УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүтэй “Хөвсгөл” фракцид багтдаг П.Ганхүү нь  "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани болох Эрдэнэс Таван толгойг харьяанаасаа тавьж Уул уурхайн яаманд алдсан нь түүний муу ажиллаж байгаагийн нэг жишээ юм гэдгийг эх сурвалж хэлж байна.

Мөн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компанийн ТУЗ-ийн гишүүдийн хэнтэй нь ч зөвшилцөж, ярилцалгүйгээр “халаасны” хүмүүсээ томилдог. Тэдгээр нь алдаа дутагдал гаргаж, өнөөдөр "Эрдэнэс Монгол" ХХК утгаа алдсан болохыг  эх сурвалж ярьж байна.

Өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилчид хэдэн төгрөгийн цалин авдаг болохыг тус байгууллагын ТУЗ битгий хэл санхүүгийн захирал нь ч мэдэхгүй байна. Мэдэхийг хүсэхэд нь нууц хэмээн хэнд ч үзүүлдэггүй нь ойлгомжгүй хэвээр байна.  Үүнээс улбаалан олон хардлага үүсч байгаа аж.

"Эрдэнэс Монгол" ХХК нь   “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшдэг. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж,  Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байгаа түмний мэдлийн байгууллага. Гэтэл П.Ганхүүг томилогдсоноос хойш хардлага төрүүлэх, бүрхэг ажиллагаанууд идэвхижиж байгааг дотроос нь мэдээлж байна. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол П.Ганхүүг чөлөөлнө эсвэл АТГ-т өгч шалгуулна гэдгийг  эх сурвалж мэдээллээ. Учир нь “Эрдэнэс Монгол” ХХК өнөөдөр хувийн компани шиг болсон бөгөөд компанийн ирээдүй бүрхэг болсон аж.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.