ШШГБ-ын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
2014/02/11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2013 оныг “Байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг сайжруулах жил” болгон зарлаж зорилтоо зохих ёсоор биелүүлж “Хууль зүйн салбарын 2013 оны шилдэг байгууллага”-аар шалгарсан амжилтаар шинэ оноо угтан, төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнөө өнөөдөр эхлүүллээ.
Зөвлөгөөн 2 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд болох бөгөөд нийт 76 удирдах албан тушаалтан оролцож өнгөрсөн оны ажлаа дүгнүүлж нэгдсэн сургалтад хамрагдаж байна.
ШШГБ-ын 2013 оны дэвшүүлсэн зорилтын хүрээнд нийт харьяа хорих анги, албадуудаас төлөвлөгөөт, хийж гүйцэтгэсэн ажлаараа Хорих 409 дүгээр анги, Дархан-Уул аймаг дахь ШГА, Дундговь аймаг дахь ШГА тэргүүллээ.
Харин ажлын бусад үзүүлэлт, идэвх санаачлагаар нь дараах Хорих анги, албадуудыг нэр бүхий номинацаар шалгарууллаа.
Үүнд: “Гэмт хэрэг, зөрчилгүй, бүтээн байгуулагч хамт олон”-оор Орхон аймаг дахь ШГА, Хорих 405 дугаар анги, Булган аймаг дахь ШГА, Өмнөговь аймаг дахь ШГА-д боллоо. Мөн “Албан хаагчдад ээлтэй байгууллага”–аар Хорих 403 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШГА, “Төрийн үйлчилгээг сайжруулагч байгууллага”-аар Цагдан хорих 461 дүгээр анги, Нийслэлийн ШГА, “Ажлын байрыг нэмэгдүүлэгч хамт олон” Хорих 421 дүгээр анги, “Орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэгч байгууллага”-аар Хэнтий аймаг дахь ШГА, “Санаачилгатай байгууллага” Хорих 401 дүгээр анги, Хорих 415 дугаар ангиуд боллоо.
2014 оныг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилийг өргөнөөр ашиглах жил” болгон зарлаж, энэ ажлын хүрээнд:
- ШШГЕГ-ын хэмжээнд цахим сүлжээг ашиглан мэдээлэл солилцох дотоод удирдлагын програмыг нэвтрүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааг хурдан шуурхай, хүртээмжтэй болгож иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх,
- Харьяа хорих анги, ШГАлба, хэсэг зэрэг анхан шатны нэгжид дээд байгууллагын бодлого, шийдвэр хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмж, дүгнэлтийг бүрэн, жигд биелүүлэхэд үндсэн ажлаа чиглүүлэн, хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах зорилт дэвшүүлж байгаа юм.