Өнөөдрийн  байдлаар манай улсын хэмжээнд шатахууны  40 хоногийн нөөцтэй байгааг  Уул уурхайн яам албан ёсоор мэдээлж байна.  Тэгвэл энэ цаг үед  шатахууны үнийг нэмнэ, зарим нь үнээ нэмээд эхэлсэн гэх “бор шувуу” гадуур нисэх болсон. Бусдаас түрүүлж шатахууны үнийг  50-90 төгрөгөөр үнээ нэмсэн “Жаст ойл”-оос тайлбар авахыг хүссэн ч тайлбар хийхээс татгалзсан юм.  Тодруулбал  “Жаст ойл” ХХК-ийн  худалдааны хэлтсийн дарга  н.Ууганбаяртай холбогдоход  ямар ч хариу хэлсэнгүй.  Дахин харьцахаас шууд татгалзсан юм.  

Бид энэ талаар тодруулахаар  Газрын тосны   бүх албаны дугаар руу залгасан боловч нэг нь ч утсаа авсангүй.   Уг нь төрийн байгууллагын  ажил 08:00  цагт эхлэх ёстой.  Тэгтэл бүгд утсаа аваагүйг  юу гэж ойлгох вэ?  Бүх нийтээрээ  утсаа  авалгүй хуралд орно гэж баймааргүйсэн.  

Тиймээс  Уул уурхайн яамны  түлшний бодлогын  хэлтсээс тодрууллаа.  “Улсын хэмжээнд 40 хоногийн нөөц байгаа.  Жаст ойл л үнээ нэмсэн гэх мэдээлэл байгаа. Бид яг одоо энэ талаар судалж байна. Бүх  ШТС болон эзэдтэй нь холбогдож судалж байна.  Цаанаасаа үнэ нэмсэн байна уу,  яагаад нэмэх болов гэдгийг нь тодруулна. Өчигдөр 20-40 төгрөгөөр нэмнэ гэж байсан.  Эргээд холбогдоорой. ”  гэснээс өөр тоймтой хариу хэлсэнгүй.   

Нийслэлийн хэмжээнд өчигдөр оройноос эхлэн шатахууны үнэ литр тутамдаа 40 төгрөгөөр нэмэгдээд байгаа. “Петровис” ХХК-ийн ШТС-уудаас А80 шатахууны үнэ литр тутамдаа 1550 төгрөг, АИ-92 1660, АИ-95 шатахуун 1890, дизель түлш литр тутамдаа 1790 төгрөгийн ханштай байна. Өнөөдрийн байдлаар зарим ШТС АИ-92 байхгүй хэмээн зарахгүй байгаа юм.  
Шатахууны үнэ нэмэгдсэн талаарх гомдол ШӨХТГ-т нэг ч ирээгүй байгаа ажээ.  

 Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөр 2012 оны аравдугаар сарын 26-наас эхлэн хэрэгжүүлж буй. Энэ хөтөлбөрийн хүрээнд   Монголбанк 2012 онд есөн удаа 11 импортлогч компанид жилийн 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Иймд шатахуун импортлогчид жижиглэнгээр худалдаалах бүтээгдэхүүнээ хямд зардлаар санхүүжүүлэх, зээлийн хүүнээс шалтгаалах өртөг, ам.долларын валютын эрсдэлээ бууруулах боломжтой болсон. Үүнээс өмнө  шатахуун импортлогчдыг татвараас чөлөөлөх, улсын төсвөөс алдагдлыг нь нөхөх мөнгө хүртэл олгож байсан. Гэвч удаа дараа нэмж байсныг иргэд санаж байгаа.  Тэр бүрт  импортлогчид нэг тонн шатахуун хэдэн төгрөгөөр авч байгаа, яагаад үнэ нэмэх болсоноо нэг ч удаа тайлбарлаагүй

Энэ нь  шатахуун импортлогчид  төрийн албан хаагчидтайгаа хуйвалдаад үнэ нэмж байна гэсэн хардлагыг төрүүлж байна.   

Уг нь шатахуун импортлогчид  ашгаа биш түмэн олноо бодох цаг болсон л баймаар. Төр засаг нь ч даварсан  шатахуун импортлогчиддоо хариуцлага тооцож, төрийнхөө төмөр нүүрийг харуулмаар юм.

 

А.Баярмаа