"Цэвэр агаар" сангийн экс удирдлага болон тус сангийн нягтлан бодогч, БОНХЯ-ны зарим албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хурал  гурван өдөр дамнан болж хариу гарлаа.  Дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс шүүх хурлын тогтоолыг олон нийтэд мэдээлэв.

Тодруулбал, "Цэвэр агаар сан"-гийн захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлсүхэд 8 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр тогтоожээ. Харин нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хуланд 7 жилийн хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдсэн байна.

Мөн "Цэвэр агаар сан"-гийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Чимэд-Эрдэнэд 300 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, тус сангийн нярваар ажиллаж байсан Х.Болдмаад  5 жил 1 сарын хорих ял оноосон юм.

Харин шүүхээс шүүгдэгч Т.Мөнхчулуун, Ж.Сүрэн, М.Алтанбагана нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйл ангид зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Хэргийг эргэх сөхвөл, Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас санг удирдаж байсан Н.Хүрэлсүх нарыг нийслэлийн утаа багасгах төслийн мөнгөнөөс 1.9 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй хэмээн үзэж, яллагдагчаар татсан юм. Энэ хэрэгт “Цэвэр агаар” сангийн экс дарга Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан, нягтлан бодогч байсан А.Болдмаа болон БОНХЯ-ны болон бусад байгууллагын ажилтнууд болох Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарын 11 хүнийг сэжигтнээр тооцоод байсан.

Х.Даваа