-Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга-


  Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

  Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүнийг гадаад улсад суугааЭлчин сайдын адилаар Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эгүүлэн татдаг байхаар болж байна. Ингэснээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын зэрэглэл дээшилж, олон улсын жишигт нийцэж байгаа юм.

 Дипломат харилцааны тухай Венийн Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллага 1961 онд баталж, Монгол Улс түүнд 1966 онд нэгдэн орсон билээ. Тус Конвенцийн 14 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэгт Төлөөлөгчийн газрын тэргүүнийг гурван зиндаанд хуваана гэж заасан байдаг. Үүнд: 1/төрийн тэргүүний дэргэд томилогдсон Элчин сайд, 2/төрийн тэргүүний дэргэд томилогдсон Элчин, 3/гадаад хэргийн сайдын дэргэд томилогдсон хэргийг хамаарагчдын зиндаа гэж хуваасан байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нью-Йорк дахь төвд 193 гишүүн орноос 120 гаруй орны Байнгын төлөөлөгч суудгаас дийлэнх олонх нь Элчин сайдуудбайдаг аж.

 Дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжил, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад НҮБ-ын оролцоо, манлайлал улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хамтын ажиллагаа цар хүрээ, утга агуулгын хувьд ч өргөжин тэлж байна.

 Өнөөдөр Монгол Улс 240 гаруй олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсон бөгөөд 110 гаруй олон талт байгууллагын гишүүн болоод байна. Цаашид Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нь Аргентин, Бразил, Чили, Перу Улсыг хавсран суухаас гадна 61 улсыг цаашид хавсран хариуцах болно.

  Монгол Улс НҮБ-ын олон талт үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах,Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2016 оны сонгууль, Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх,энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зорилтуудыг тавин ажиллаж байна.

  Ийм цаг үед НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгчийн газрын зэрэглэлийг өндөрсгөх нь Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгт эзлэх байр сууриа бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм.