Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрны урд Ю.Цэдэнбалын хөшөөг байрлуулж, өнөөдөр нээв. Ёслолын үйл ажиллагаанд компанийн удирдлагууд, үйлдвэрийн анхдагчид, Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан болон түүний төрөл төрөгсөд, хүндэт зочид оролцлоо. Ю.Цэдэнбал академи, Увс нутгийн зөвлөл санаачлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олны дэмжлэгтэйгээр түүнийг хөшөө болгон мөнхжүүлэв. Монгол улсын Засгийн газрын 2016 оны есдүгээр сарын 21-ний 94 дүгээр тогтоолоор тус компанийг Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон. XX зууны манлай бүтээн байгуулалт, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт  хотыг цогцоор нь барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргахад гарамгай гавьяа байгуулсан эрхэм хүнээ уурхайчин хамт олон энэ өдөр дурсан хүндэтгэж байна.