Усны салбар 250 гаруй тэрбум төгрөгийн өртэй
2014/02/14
Ундны цэвэр усны асуудал зөвхөн Улаанбаатар хот, Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал биш болоод байна. Ундны цэвэр усны хангамж, нөөц, үнэ, менежмент, зохистой хэрэглээний талаар ярилцсанаараа уг хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой.
Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр “Усан хангамж, ариутгах татуургын салбарт шийдвэл зохих тулгамдсан асуудал маш олон бий. Одоо бодитойгоор тулгараад байгаа бэрхшээлүүдээс дурдвал нийтийн аж ахуйн салбар дахь усны үнэ тарифийн асуудал хурцаар тавигдаж байна. Хэрэглэгчдийн зүгээс усны үнийг нэмэхэд таатай хандахгүй. Уг ажлыг эрхлэн явуулж буй байгууллагуудын хувьд усны үнэ тариф багаас болж цалин тааруу байдгаас ажиллах ажилтан олдохгүйд хүрэх гэж байна. Хөдөө орон нутгийн нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа ажилтны сарын цалингийн дундаж 330-370 мянган төгрөг, Улаанбаатарт 400-450 мянган төгрөг байгаа нь ажиллах хүчний хомсдолд оруулжээ. Усны үнэ гаргаж байгаа зардлынхаа 70 хувийг л төлж байгаа гэсэн судалгаа бий.
Усны эрүүл ахуйн шаардлага тааруу, зэвтэй усаар үйлчлүүлдэг тухай гомдол иргэдээс их ирдэг. Улсын хэмжээнд бохирын 125 байгууламж ажилладгаас 43 нь ямар ч ашиглалтгүй байгаа нь байгаль орчинд хор хохирол учруулахад нөлөөлж байна. Ийм тулгамдсан асуудлуудыг өнөөдөр хөндөж ярьж байгаа Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийнхөнд талархал илэрхийлье” гэсэн юм.
Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг нар Улаанбаатар хотын усны нөөц, хэрэглээний өсөлт, Усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж, Уланбаатар хотын усан хангамжийн тэгш бус орчин, Усан хангамж, ариутгах татуургын үйлчилгээний тарифийг өөрчлөх шаардлага зэрэг сэдвээр үг хэлж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Гүний ус дахин сэргээгдэхгүй баялагт ордог боллоо
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал "Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн нэгдүгээр сард Давосын Дэлхийн эдийн засгийн форумын усны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавьсан" хэмээн онцлов. Ерөнхийлөгч илтгэлдээ усны менежмент, хотын усан хангамж, хөдөө аж ахуйн усжуулалт, уул уурхайн хэрэглээний ус гэсэн дөрвөн асуудалд анхаарлаа хандуулсныг дурдаж энэ дотроос өнөөдөр хотын усан хангамжийн талаар хэлэлцэхээр цугласныг танилцуулсан. Түүний хэлснээр өдгөө усны аюулгүй байдал нь эх дэлхийн аюулгүй байдал болжээ. Газрын гүний ус дахин сэргээгдэхгүй баялагт ордог болсон байна.
Монгол Улс усны нөөц багатай, усны хэрэглээний талаар доголдолтой орон. Усыг чандмань эрдэнэ гэдэг атлаа “Хар ус, хар усыг харамладаггүй” гэсэн буруу ойлголт, сэтгэхүйтэй явж ирсэн. Гэвч нийгэм өөрчлөгдөж, нийслэл хот 1,3 сая гаруй хүн амтай болж, төдий тооны хүн ганцхан цэгт төвлөрч нягтарч суудаг болсон. Ийм нөхцөлд усан хангамж хамгийн чухал асуудал болоод буйг тэрбээр сануулав.
Улсын хэмжээнд усны нэгдсэн бодлого, үйлчилгээний менежмент дутагдалтай байдаг. Монгол Улсын усны нөөц жилээс жилд багасч байгааг сануулдаг хэсэг байхад нөгөө хэсэг нь үүнд судалгаа хэрэгтэй. Нийгэмд түгшүүр төрүүлэхгүй байх ёстой гэсэн байр суурь баримталдаг. Усны хэрэглээнд сайн бодлого, менежмент хэрэгтэй. Иймээс нийслэл орчмын усны нөөцийг шинэчлэн тогтоох шаардлага үүссэн гэдгийг мөн дурдлаа. Улаанбаатар хоттын усны нөөцийг 1955-1961 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд тогтоож байсан бол 1980-1983 онд ус хангамжийн шинэ эх үүсвэрийн нөөц тогтоох судалгааны ажил хийж байжээ. Мөн 1981-1986 онд усны хайгуул, судалгааны ажил хийсэн байна. ЖАЙКА-гийн тусламжтайгаар 1990-ээд оны эхээр мөн судалгаа хийжээ. Эдгээр ажлыг тухайн үед маш чанартай, чамбай хийсэн боловч сүүлийн жилүүдэд судалгаагүй явж иржээ.
Сүүлийн үед гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор нийслэлд усны хэрэглээ асар их нэмэгдэх төлөвтэй болсон байна. Улаанбаатар орчимд тогтоогдсон усны нөөцөөс олборлолт давахаар төлөв үүсчээ. Гэтэл нийслэлийн орон сууцны хэрэглэгчид усыг хэт тансаг байдлаар хэрэглэж байгааг илтгэгч дурдав. Гүний цэнгэг усаар машинаа угаадаг орон Монголоос өөр байхгүй. Саудын Арабт нэг хүн хоногт дунджаар 150 л,Германд 100-110 л ус хэрэглэж байхад Улаанбаатарт орон сууцны нэг оршин суугч хоногт 200 гаруй л ус хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Харин гэр хорооллын оршин суугчид устай л байвал баярлалаа гэдэг дундад зууны үеийн хэрэглээтэй хэвээр байгаа гэлээ.
Нийслэл орчимд газрын дорх усны түвшин буурч, Туул голын урсац хавартаа тасарч, ерөнхийдөө 2016 он гэхэд Улаанбаатар усны хомсдолд орж мэдэхээр болжээ. “Туул голын бохирдол дээд цэгтээ хүрч, бохир зайлуулдаг суваг болсон.Иймд усны ашиглалт, эрүүл ахуйд асуудалд анхааралтай хандах цаг иржээ” гэлээ.
Усны салбар 250 гаруй тэрбум төгрөгийн өртэй
Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг хэлсэн үгэндээ усны үнэ тарифийн сэдвийг хөндөв. “Усны үнэ тарифийг сүүлийн 4-7 жилд огт өөрчлөөгүй. Усны салбарт усны үнийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа ч иргэдийн зүгээс үүний эсрэг байр суурьтай байдаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт удаа дараа хүсэлт явуулсан ч одоо болтол шийдэлд хүрээгүй байна” гэлээ.
Нийслэлд ахуйн хэрэглээний ус үйлчилгээний үнээсээ хямд байдгаас ус хангамжийн салбар ихээхэн алдагдалтай болжээ. Ус сувгийн салбарын алдагдал 2012 онд 11,1 тэрбум төгрөг байсан бол 2013 оны гуравдугаар улирлын байдлаар 24,9 тэрбум төгрөгт хүрчээ. Салбарын хуримтлагдсан алдагдал 63 тэрбум төгрөг байсан бол 2013 оны гуравдугаар улирлын байдлаар 101,1 тэрбум төгрөг болж өсчээ. Тус салбарт 1990 оноос хойш Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, бусад санхүүгийн байгууллага, хандивлагч орноос зээлсэн зээлийн өр 150 гаруй тэрбум төгрөг болжээ. Алдагдал болоод зээл нийлээд Ус сувгийн салбарт 250 гаруй тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа аж.
Усны үнийг хөдөлгөлгүй хэт барьсан, усны нэгдсэн менежмент, салбарын бүтэц, зохион байгуулалт тааруу, технологи хоцрогдсон, хэрэглэгчдийн соёл муу зэрэг олон сөрөг хүчин зүйл байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж усны салбарт шинэчлэлт, өөрчлөлт нэн даруй хийх хэрэгтэй болсныг сануулсан юм.
InduConsulting · 2014/02/18
Германд үйлдвэрлэсэн AquaPur® төхөөрөмж нь химийн ямар нэгэн бодисгүйгээр бохирдсон усыг тусгай кварцан хайрга болон механик шүүлтүүрт үндэслэсэн цэвэршүүлдэг эдийн засгийн өндөр ач холбогдолтой,байгальд ээлтэй,авсаархан,өндөр хүчин чадалтай,ажиллуулахад хялбар,автомашин угаалгын газарт бүрэн тохирсон төхөөрөмж юм. Үүнийг хэрэглэснээр усаа 100 хувь хэмнэхээс гадна байгаль орчныг бохирдуулахаас сэргийлэх ач холбогдолтой.Цагт 4000 л ус шүүх хүчин чадалтай Утас:99058457.Усаа хэмнэж байгаль орчноо бохирдлоос хамгаалцгаая