”Оюутан цэрэг” хөтөлбөр батлагдлаа
2014/02/14
18 нас хүрч байгаа залуусын 30 хувийг л жил тутам хугацаат цэргийн албанд татдаг. Ийм байдал 20 гаруй жил үргэлжилснээр цэргийн бэлтгэлтэй зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн хомсдож байна. Энэ нь улс орны батлан хамгаалах чадавхийг сулруулаад зогсохгүй залуусын эх оронч хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж судлаачид үзжээ. Шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албанд цэргийн алба хаасан иргэдийг ажиллуулахаар заасан тул одоо мөрдөж байгаа нөхцөл иргэдийн боломжийг ч хязгаарлаж байна. Иймд цэргийн насны залуус алба хааж, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэсэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр "Цэргийн ерөнхий бэлтгэл" хичээлийг 2 кредит, 96 цагаар сонгож судлуулна. Үүний дараа шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн "Цэргийн тусгай бэлтгэл" сургалтад хамруулж, цэргийн алба хаалгана. "Оюутан-цэрэг хөтөлбөр" хэрэгжүүлэхийн тулд цэргийн байр, хичээлийн анги, танхим, сургалтын хотхонууд, гал тогоо бүхий "Шар хад" дахь иж бүрэн сургалтын төвийг шинээр барина. Сургалтын төвд жилд 500-1000 оюутан цэргийн бэлтгэл сургалтад хамруулах боломжтой.
Оюутнуудыг цэргийн ерөнхий болон тусгай бэлтгэл сургалтад хамруулж ,цэргийн алба хаалгах журмыг Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран баталж хэрэгжүүлнэ. "Оюутан-цэрэг хөтөлбөр" хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг батлан хамгаалахын салбарын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх зорилт тусгагдсаны дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг гарсан нь энэ хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болжээ.
Зочин · 2014/03/16
hi ene zow sanaa bn ghde baga hugatsaand tsergiin medleg ezemshij baigaaa uchiraas chanartai surgalt ywulaasai gej husej bn bas yu gej emegtei hun tseregt yawahaw de tertee tergui mongol busguichuud min zewsegt huchind mor zeregtsen alhaj eh orniihoo toloo zutgej ywna shuu de
Зочин · 2014/02/15
маш зөв... яваандаа эргээд бүх ниитиин цэргиин хугацаат албыг сэргээх хэрэгтэи, ингэхдээ эрэгтэи, эмэгтэи гэхгүигээр бүгд цэргиин хугацаат алба хаах болгох, мөн хууль хяналт хүчнии баигууллагад ажиллах хүмүүсииг заавал цэргиин алба хаасан хүмүүсээс сонгож авч баих хуультаи болох хэрэгтэи баина...