Шүлхийн голомтот бүсийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
2014/02/14
Зүүн бүсэд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргалаа.
Өвчин тархсан 3 аймгийн 9 суманд 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тухайн орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоолоо. Өнөөдрөөс эхлэн хорио цээрийн бүсэд хамрагдсан аймаг, сумдаас хүн, малын шилжилт хөдөлгөөн хийх, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх, тээвэрлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна. Үүнд:
· Хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон бүс: Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Их хэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутаг дэвсгэр;
· Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс: Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Дорноговь аймгийн Өргөн, Сайхандулаан, Даланжаргалан сумын нутаг дэвсгэр.
Түүнчлэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, нийслэлийн Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Баянзүрхийн товчоо, төмөр замын 4 дүгээр зөрлөг, Яармагийн товчоонд ариутгал, халдваргүйжүүлэлтийн пост, харуул хамгаалалт, хяналтын цэгүүд байгуулж ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хурдан морины хаврын уралдаануудыг цуцаллаа. Хүй долоон худагт энэ сарын 23-нд товлоод байсан "Дүнжингарав-2014 төвийн бүсийн уралдаан, Өвөрхангай, Өмнөговь аймагт ирэх сард төлөвлөсөн хангай, говийн бүсийн уралдаанууд цуцлагдлаа.
Олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол 2014.1.27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд илэрснээс хойш тус аймгийн Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Их хэт гэсэн нийт 3 аймгийн 9 сумыг хамраад байна. Өнөөдрийн байдлаар дээрх 3 аймгийн 9 сумын 324 өрхийн 655817 малыг үзлэг тандалтад хамруулж, 831 толгой мал өвчилснөөс 657 толгойг нь зориудаар устгажээ. Өвчний голомтод Онцгой байдлын ерөнхий газар, аймгуудын гамшгаас хамгаалах албадын 846 хүн, 166 техник хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна.