Байгаль орчныг хамгаалахад зарцуулах хөрөнгийг журмаар зохицуулна
2014/02/14
"Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам" баталлаа. Журмын хэрэгжилтийг Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Сангийн сайд болон бүх шатны Засаг дарга нар хариуцаж ажиллана.
УИХ-аас 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн баталсан "Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль"-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар тусгасан. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хүртэл хувийг энэ чиглэлд буцаан зарцуулах учиртай.
Өнгөрсөн онд 21 аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 48.5 тэрбум төгрөг төвлөрсөн ч үүнээс байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд дөнгөж 5 хувийг нь л зарцуулсан байна. Байгалийн нөөцийг ашиглахдаа тухайн нөөцийг хамгаалах, байгалийн жамаар нөхөн сэргэх боломжоор байнга хангахгүй бол дээрх орлогын хэмжээ цаашид багасах болно. Иймд орон нутгийн төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг эх үүсвэрийг хэвээр хадгалах, зарцуулалт, хяналтын механизмыг нь тодорхойлсон ийм журам гаргажээ.