Хууль бусаар үр хөндсөн эмчид хариуцлага тооцлоо
2018/12/19
Охид бүсгүйчүүд хүсээгүй жирэмслэлтийг хууль бусаар хийлгэх тохиолдол гарсаар байна. Үүний улмаас эмч нь ял авч, охид бүсгүйчүүд өөрсдөө эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байдаг. Тиймээс жирэмснээс хамгаалах арга хэрэглэх, үр хөндүүлэх бол ядаж хууль ёсны дагуу хийлгэх хэрэгтэй гэдгийг сэрэмжлүүлж байна. Хямдыг нь бодож хууль бус үйлчилгээг сонговол эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирох эрсдэлтэйг анхаарна уу.
Т.Ань Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өрхийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хохирогч Г.Г-ын биед эмнэлгийн бус нөхцөлд хууль бусаар үр хөндөлт хийсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна. Харин түүний хамтран ажиллагч Х.Л нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өрхийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хохирогч Г.Г-ын биед эмнэлгийн бус нөхцөлд хууль бусаар үр хөндөлт хийсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн байна.
Болсон хэрэг явдлын талаар хохирогч, үр хөндүүлсэн Г.Г:… Би 09 цагийн үед эгч Э.М-иай хамт А эгч дээр очсон. Эмнэлэгт нь ороод үтрээндээ эм тавиулсан. Уг эмийг 2-3 минутын хугацаатай хийсэн бөгөөд тухайн эм нь савны амсар нээх үйлчилгээтэй эм гэж хэлсэн. Эм тавьж дууссаны дараа А эгч маргааш өглөө 09 цагийн үеэр ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Маргааш нь 09 цагийн үед би эмнэлэг дээр ганцаараа очсон. Өчигдөр үтрээнд хийсэн эмнээсээ 2 ширхэгийг үтрээнд хийгээд өнөө орой гэхэд ураг чинь гарчихна гэж хэлсэн. Надад хэлэхдээ сайн алхаад бай тэгвэл хурдан гарна гэж хэлсэн. Тэгээд орой болоход өвдөлт өгөхгүй доороос юм гарахгүй болохоор нь эгч 21 цагийн үед А эмч рүү эгч залгаад ямар ч өөрчлөлт өвдөлт алга байна яах ёстой вэ гэж асуухад Алтанцэцэг эгч маргааш явуулчих ЭХО-д хараад үзье гэж хэлсэн. Маргааш өдөр нь 12 цагийн үед би эгч О-тэй А эмч дээр очиж ЭХО-д харуулсан. Аэмч нь ЭХО-д харсаныхаа дараа хүүхэд доошоо байрлалд орсон байна, нэг дэх өдөр хүрээд ир гэж хэлсэн. Зарим хэлсэн үгсийг нь сайн санахгүй байна. Би 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өглөө 10 цагийн үед эмч дээр очсон. А эмч нь намайг ЭХО-д хараад доогуур үзлэг хийгээд савны амсар нэг хуруу талтай нээгдсэн байна гарах болоогүй байна гэж хэлсэн. Анх тавьсан эмээ үтрээнд дахиад тавьсан тэгээд мезопростол нэртэй 3 ширхэг эм өгөөд энэ эмийг 3 цагийн зайтай 1 ширхэгээр нь уу гэж хэлсэн. Тухайн эмийн үйлчилгээ нь базлуулж өвтгөдөг гэсэн. Надад эмчийн жороор м… гэдэг нэртэй эм 3 ширхэгийг аваарай, маргааш уугаад над дээр ирээрэй гэж хэлсэн....эмч А нь хурлаас орж ирээд ЭХО-д хараад хүүхэд амьгүй болсон байна ихэс түрүүлсэн байна гаргаж чадахгүй, Эх нялхасын эмнэлэгт оч би маягт бичээд өгье гээд эгч Э.М руу утсаар дүү чинь жаахан цус алдсан, Эх нялхас руу хэвтэх бичиг хийгээд өгье ирээд дүүгээ ав гэж хэлсэн.....би орой 22 цагийн үед хагалгаанд орсон санагдаж байна.” Гэжээ.
Бүсгүйн хувьд хямдыг нь бодож 180 000 төгрөгөөр үр хөндүүлсэн байна. Харин энэ нь буруу сонголт байж бүсгүй ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүлэх хүртэл бие нь хүндэрсэн байна. Энэ хэргийн улмаас эмч нь ял сонсож, бүсгүй сэтгэл санаа эрүүл мэндээрээ хохироод үлдсэн.
Охид эмэгттэйчүүдийн хувьд бэлгийн боловсролтой болох, жирэмснээс хамгаалах хэрэгсэл хэрэглэх шаардлагатай байгаа юм. Эс бөгөөс дээрх шиг хохирох тохиолдол буурахгүй гэдгийн сэрэмжлүүлж байна.