Хууль бусаар хил нэвтэрсэн ОХУ-ын 3 иргэний хэргийг шийдвэрлэжээ
2014/02/14
Оросын Холбооны Улсын иргэн Кызыл-Оол Тамир Маннай-Оолович, Кан-Оол Серекей Аясович, Салчак Айбек Бычы-Оолович нар нь бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 01-ны орой Монгол Улсын хилийн 91/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын Тува улсын талаас хууль бусаар хил нэвтэрсэн, галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг Увс аймгийн прокурорын газраас 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж орлогч прокурор Б.Гантулга яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Тус хэргийг Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Кызыл-Оол Тамир Маннай-Ооловичид, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нийт 12 жил 1 сар хорих ял, Кан-Оол Серекей Аясович, Салчак Айбек Бычы-Оолович нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нийт 10 жил 1 сар хорих ялыг тус тус оногдуулж, шүүгдэгч нарын ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасны дагуу чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.