Залуусаа ажил олдохгүй байна гэж гомдоллодог цаг өнгөрсөн
2014/02/14
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж”, Хөдөлмөрийн яамтай хамтран өнгөрсөн жилээс “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэ жил дээрх хөтөлбөр илүү өргөн хүрээнд олон мянган залуучууд хамрагдаж байгаагаараа онцлог болж байгаа бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын 22-оос эхлэн нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг 330 суманд бүтээн байгуулалтад оролцох залуучуудыг бүртгэж эхэлсэн тухай өмнө нь бид мэдээлж байсан.
Залуучууд идэвхитэй бүртгүүлж байгаагийн зэрэгцээ ажил олгогч байгууллагуудаас бригадын захиалгын тоо нэмэгдсээр байна. Мөн бригадын зохион байгуулалтанд орсон залуучуудыг Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүдэд мэргэшүүлэх сургалт болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх гэх мэт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулах юм байна. Залуу та яг одоо ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөөд, найз нөхөд ах дүү хамаатнууддаа ажилгүй амьтан гэж чичлүүлээд сууж байгаа бол МЗХ-ны дэргэдэх хөдөлмөрийн биржид хандаад үзэхэд юу нь илүүдэх вэ. Бас ч гүй бүтээн байгуулалтад гар бие оролцоно гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ.Тиймээс яг одоо МЗХ-ны төв байр 103 тоотод очиж “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж”-д бүртгүүлэн үеийн залуучуудын хамт бригадаар эх орныхоо бүтээн байгуулалтад оролцохыг залуучууддаа уриалмаар байна. Хөдөө орон нутгийн залуучууд аймаг, сумынхаа МЗХ-ны Залуучуудын салбар холбоогоор дамжуулан бүртгүүлэх бүрэн боломжтой бөгөөд залуучуудын хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем болох www.myjob.mn сайтаар орж бүртгүүлж болох юм байна.