Ч.Гансүхийг маргааш шүүнэ
2014/02/15
Арван долоон тэрбумын хэрэгт холбогдоод байгаа Татварын ерөнхий газрын дарга нарын хэргийг шүүх хурал даваа гаригт буюу маргааш болно. Баянзүрх дүүргийн шүүхээр нэгдүгээр сарын 28-ний өдөр хэлэлцэх ёстой байсан эл хэрэг яллагдагчдын өмгөөлөгчдөд ажил гарсан гэх шалтгаанаар хоёрдугаар сарын 17 хүртэл хойшлогдсон юм.
ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх болон О.Бямбасүрэн, Н.Энхбат, Т.Галмандах нарын 13 хүнийг бусдаас авлига авсан, улсын санд орох байсан их хэмжээний татварыг нуун дарагдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн. Одоогоор шүүгдэгчдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа бөгөөд дээрх хэрэгтэй холбогдуулан Ч.Гансүхийн хүү гэх Г.Ганзулыг холбон шалгаж байгаа хэмээн эх сурвалж хэлж буй.
Өмнөх шүүх хурлын үеэр нэр бүхий гурван шүүгдэгчийн өмгөөлөгч нар тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан аж. Тухайлбал, шүүгдэгч Б.Жаргалын өмгөөлөгч К.Бауржан нь Улсын Дээд шүүхэд шүүх хуралдаан давхацсан, шүүгдэгч Ч.Гансүхийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг нь БНСУ-д ахыгаа эмчилгээнд авч явсан, шүүгдэгч Г.Энхбатын өмгөөлөгч С.Жанцан нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүх хуралдаан давхацсан тухай холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлсэн байжээ. Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч нар дээрх хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан бүх шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан байна. Түүнчлэн шүүгдэгч Х.Хандсүрэнгийн өмгөөлөгч Г.Тунгалаг нь шүүх хуралдаанд гэрчээр ОХУ-ын иргэн Платонов Максим Викторовичийг оролцуулах санал гаргаж байжээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс дээрх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Тиймээс Ч.Гансүхийн шүүх хурал ирэх даваа гарагт болохоор шийдвэрлэжээ.
Хэргийг эргэн сөхвөл, Ч.Гансүх нь ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байсан бөгөөд түүнд мөнгө төлөхөөс татгалзсан зарим компаниудын АТГ-т гаргасан гомдлоор тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан. Гэхдээ түүнд ямар компани хичнээн төгрөгийн авлига өгч байсныг хуулийнхан ихэд нууцалж байгаа. Ч.Энхбатын эхнэр н.Охиноогийн дансанд дөрвөн сая ам.доллар байсныг хуулийнхан илрүүлсэн байдаг. Түүний эхнэрийн данснаас зургаан сая ам.доллар, нууц амрагийнх нь данснаас тэрбум төгрөг гарч ирсэн гэдэг.
Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, Улсын төсөв, орлого хяналтын газрын судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат болон татварын байцаагч О.Бямбасүрэн нарыг их хэмжээний авлига авч, улсын хөрөнгөөс 17 тэрбум төгрөг шамшигдуулсан хэрэгт буруутгасан.
Тэднийг бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, худал мэдүүлэг өгөх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хээл хахууль авах, албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Энэ нь Эрүүгийн хуулийн 150.3, 166.2, 254.2, 263.2, 265.2, 268.2, 272.2 зүйл ангиудад хамаардаг аж.
Тэд аж ахуйн нэгж, хувь хүнийг татвараас хөнгөлснийхөө хариуд авлига авдаг байжээ хэмээн хуулийнхан тухайн үед хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байсан.
Х.Даваа
Зочин · 2014/02/16
sain bn ideed bai ideed bai
Зочин · 2014/02/16
татвараа өгөхгүй ээ. бидний татварыг энэ хэдээр хэдэн жил төлүүлсний дараа төлж эхлэнэ.