“Абсолют” дэлгүүр иргэдийн эрүүл мэндэд заналхийлсээр…
2018/12/25
Орос чанар, хямд үнийг амлан Монголын зах зээлд хүч түрэн орж ирсэн ОХУ-ын “Абсолют” хайпермаркет хоромхон хугацаанд хоёр ч салбартай болж, Монголын хэрэглэгчдийг өөрсдөдөө татаж чадсан билээ. Орос бараа гэхээр л хуучны чанартай бараа санагддаг монголчуудын хувьд тэндхийн дэлгүүр нутагт нь ирсэнд тун ч талархан хүлээн авч байсан.
Гэвч хүнс, бараа тэдний хүлээлтэд нийцсэн чанартай байж чадсангүй ээ. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн чанар алдагдсан, хугацаа нь дууссан, хөгцөрч муудсан гэх гомдол тасралтгүй гарсаар, орж ирсэн үеийнхээ нэр хүндийг алдахад хүрээд байгаа билээ.
Саяхан л гэхэд ХУД-ийн 4-р хороо, Хүннү Молл төвд байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн талх нарийн боовны цехийн үйл ажиллагаанд НМХГ-аас хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус цехийн агуулахад 10 нэр төрлийн /Торт чимэглэгч, өтгөрүүлсэн сүү, бор цагаан шоколад, хуурай өндөгний цагаан гэх зэрэг/ 103.3 кг, 75л, 3125025 төгрөгийн үнэ бүхий хэрэглэх хугацаа дууссан хүнсний түүхий эд хадгалсан зөрчил илэрсэн байна.
Шинэ жилийн баярын хүрээнд хэн хүнгүй л бялуу, амтат нарийн боовны эрэлд гарч, хямд чанартай хэмээн тус дэлгүүрийг зорьж байгаа энэ үед ийм зөрчил илэрчээ.
Энэ дэлгүүрийн зөрчил үүгээр дуусахгүй. Энэ сарын эхээр амьд өт авгалдайтай, Монгол Улсад хориотой ургамлын хортон илэрсэн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх гэж байгаад баригдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайлбал, “Абсолют”-аас Монголд нийлүүлэх гэж байсан Узбекистанд үйлдвэрлэсэн 0,0372 тонн жинтэй хушга, цэвэрлэсэн газрын самраас импортлогч улсын хорио цээрт багтдаг хүр эрвээхэй (амьд авгалдай) илрүүлжээ. Хүр эрвээхэй нь бор, хүрэн толбоор бүрхсэн мөнгөлөг далавчтай жижиг эрвээхэй бөгөөд төрөл бүрийн ургамлын бүтэн болон гэмтсэн үр тариаг сүйтгэдэг хортон шавж юм.
Түүнчлэн Санкт-Петербург хот, Новосибирск мужид үйлдвэрлэсэн 0,6128 тонн жинтэй гурвалжин будаанаас Монгол Улсад хориотой зэрлэг ургамал болох татар сагаг илэрчээ. Энэ хогийн ургамал нь хагалсан газар болон үр тариаг бохирдуулж, ургацыг бууруулж, ургац хураахад хүндрэлтэй болгодог.
Шар будаанаас ч мөн халдвартай хортон илэрчээ. Тухайлбал, Саратов мужид үйлдвэрлэсэн 9 тонн будаанаас чөдөр тарна өвс илэрчээ. Энэ бол хаврын улиралд угаараа гүн ороож ургадаг, нэг наст хогийн ургамал юм. Хиймэл хөрс болон тэжээллэг бодис муутай хөрсөнд бараг ургахгүй. Харин хүчиллэг хөрсөнд сайн ургадаг бөгөөд үр нь 20 орчим жил хөрсөнд чанараа хадгалдаг.
Энэ мэтчилэн хугацаа нь дууссан, хортон шавж, ургамалтай хүнс нийлүүлж, “Абсолют”-ынхан иргэдийн эрүүл мэндэд заналхийлсээр байна. Тус дэлгүүрийн удирдлагуудаас ийм үйлдлүүдээ хэзээ зогсоох вэ хэмээх асуулт хариултгүй хэвээр үлдлээ.
niigmiintoli.mn
шаабар · 2018/12/25
Ганц абсолют ч гэлтгүй бусад дэлгүүр ресторанууд ч гэсэн мөнгөний төлөө иргэдийг хордуулахаас сийхгүй болсон шүү. Шошго, он сар өдрөө солих нуух бол юу ч биш. Хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнээ бэлэг сэлт хямдрал нэрээр халхавчлан борлуулдаг газар олон байгаа шүү. Мэргэжлийн хяналтанд найдах хэрэггүй. Тэд хаанаа ч хүрэлцэхгүй. Хамгийн гол нь иргэд өөрсдөө сонголтоо зөв хийх нь аминд өлзийтэй. Харин зөрчил илэрсэн бол зохих газарт нь мэдээлдэг. Тэр газар нь өндөр торгууль тавьдаг, эсвэл үйл ажиллагааг нь бүрэн зогсоох хүртэл арга хэмжээ авдаг болчихвол их үр дүнтэй: Харамсалтай нь энэ том сүлжээ дэлгүүр рестораны цаан эрхэм түшээд сайд дарга нар байдаг учир арга хэмжээ авагддаггүйтэй бүгд холбоотой. Төрийн бузар арилаагүй цагт энэ мэт луйвар арилахгүй. Одоохондоо амь амиа бодож амьдархгүй бол хэцүү цаг үе.